Ээжүүдийн цалинг цагт нь өг


“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхлээд гурван сар өнгөрлөө. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах нөхцөл бүрдсэн. Ингэхдээ ээжүүдийн цалинг сар бүрийн 20-нд олгож байхаар Засгийн газар тогтоосон.
Хэдий 50 мянган төгрөг бага мөнгө боловч хүүхдээ хараад гэртээ суугаа ээжүүдэд ихэд хэрэгтэй болохыг “Цалинтай ээжүүд”-ийн нэгдсэн фэйсбүүк группээс харж болно. Сар бүрийн 20 болоход тухайн группэд цалингаа сурагласан ээжүүдийн асуулт хөрвөнө.
Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. Ээжүүд цагтаа цалингаа авч чадаж байгаа юу?
Ээжүүдэд цалин олгож эхэлсэн гурван сарын хугацаанд цалин болох 50 мянган төгрөг нь сар бүрийн 20-нд яв цав буусан уу гэвэл үгүй. Тухайн өдөр нь очоод асуухаар “Санхүүжилт орж ирээгүй байна” гэдэг. Бууж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэд хононо. Банк, дүүргийн халамжаасаа асуухаар “Санхүүжилт орж ирээгүй. Эсвэл зарим дүүрэгт орж эхэлсэн. Манайх өгч эхлээгүй” гэх бүүр түүрхэн хариулт өгнө. Арай гэж “Цалин бууж байна” гэх дам яриаг өнөөх группээс олж мэдээд яваад очихоор “Санхүүжилт дууссан. Дараа сард ав” гэнэ. Цалинг нь цагт нь өгөхгүй л бол “Цалинтай ээж” хэмээн сүржин нэрлэхийн учир юу байв.
Зөвхөн хүүхдээ асарч буй ээжүүдийн цалин ч төдийгүй одонтой ээжүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөө ч буцаагаад татчихдаг тохиолдол бий. Иргэн С одонгийн мөнгөө хурааж хуримтлуулахаар гурван жил аваагүй аж. Өнөө жил очоод авах гэтэл “Та ирж аваагүй тул буцаагаад татчихсан” гэдэг тайлбарыг банкны ажилтан хэлсэн байгаа юм. Мөнгөө хэзээ ирж авах нь хүний дур л баймаар.
Үүнтэй нэгэн адил ээжүүд цалингаа цагтаа авъя гэхээр буухгүй. Буулаа гээд очихоор “Мөнгө дууссан” гэх ийм нэг тогтсон цаг хугацаа, ном журмын бус байдлаар, иргэдээ бухимдуулахаа хэзээ халах вэ?!
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ