Ээжийгээ доромжилдог балмад охидыг яах вэ


Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ...дүгээр байрны оршин суугч Н гэгч эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд тархаж, олон нийт Н гэгчийг шүүмжилж байсан нь өнгөрч оны тавдугаар сард. Хөөрхий 88 настай ээжийгээ “Үхээд өгөөч” хэмээн доромжилсон эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж, шийтгэл ногдуулснаар тэр хэрэг тэгс гээд намжсан.
Тэгвэл энэ сарын 27-нд үүнтэй ижил хэрэг дахиад л гарсан байх юм. Тодруулбал 47 настай эмэгтэй Т гэгч нь 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Түүнийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Энэ мэтчилэн цагдаагийн байгууллагад өдөрт л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 169 мэдээлэл ирж байгааг албаныхан мэдээлсэн.
Нийгэм яаж буруутхаараа төрүүлж өсгөсөн ээжийгээ үр хүүхэд нь зодоход хүрэв ээ?! Ээжийгээ доромжилдог балмад охидыг яах вэ. Эхнэрээ, охиноо зодож, танхайрсан гэдэг мэдээ олон нийтийг цочроодог байсан бол өнөөдөр ээжийгээ охин нь зодсон гэх хэрэг багагүй сонстох боллоо. "Насны эцэст хөлийг минь охин хүүхэд хучна" гэж настнууд ярьж байхыг олонтаа сонссон. Тэгтэл охин хүүхэд нь ээжийгээ зодож, дарамтлах болсон гэхээр сэтгэлд багтамгүй юм.
2016 онд хүчирхийлэлд өртсөн нийт хүмүүс дунд 50-иас дээш насны 78 ахмад настан бүртгэгдсэн байдаг. Харин 2017 онд 60-ааш дээш настай 35 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Тэдний 15 нь төрсөн үр хүүхэддээ зодуулж, дарамтлуулсан байна.
Насны эцэст үр хүүхдийнхээ гарыг харж, ач буянаа эдэлж амьдрах хувьтай байтал зодуулж, дарамтлуулж буй нь нийгмийн бас нэг “догшин” дүр юм
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ