Прокурорын тогтоолоор хориглосон ч Богд уулыг ухсаар байна

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл дүү О.Одсүрэн Дархан цаазат Богд хан уулын орчимд буюу Зайсангийн зүүн энгэрт зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн. Тухайн барилгыг нураах болсон тухай БОАЖ-ын яам, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэл хийлээ.

Богд хан уул нь 42 мянган га газартай. Нийт га газрыг хамгаалалтын онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж гурван бүсэд хуваадаг. Хязгаарлалтын бүсэд тодорхой нөхцөлтэйгээр газар ашиглаж болдог. Гэтэл тухайн бүсэд иргэд болон аж ахуй нэгж хууль бусаар газар ашигласан зөрчил гарах болжээ. Тухайлбал О.Одсүрэн гэх иргэн гуравдугаар сарын 21-нд Зайсан толгойн зүүн энгэрт зөвшөөрөлгүйгээр газар ухаж эхэлсэн гэдгийг Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн хэлж байна.
Тэрбээр “Ой хамгаалагчид болон улсын баййцаагчид очиж хууль бус үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг нь сануулж үйл ажиллагааг нь зогсоохыг оролдсон. Прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон байтал ажлын бус цагаар буюу өнгөрсөн амралтын өдрөөр уулыг ухсан. Ой хамгаалагчид шаардлага тавьсан ч хашаа барьчихаад оруулахгүй, хөөж гаргасан. О.Одсүрэн гэх хүн тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй. Үүнийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж, тогтоолгох гэхээр тэр болгон ирж шалгахгүй, тогтоож чадахгүй байна. Биеийн байцаалтаа үзүүлэхгүй юм. О.Одсүрэн гэдэг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн үеэл дүү гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор Дайчинхүү гэдэг хүн нэг шөнө л карказ босгочихсон. Бид төрөөс мөнгө гаргаж барилгыг буулгуулна. Дараа нь компаниас мөнгийг нь олж авах хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа” гэв.

Дархан цаазат газрын хамгаалалтын албанаас О.Одсүрэн гэгч болон прокурорын тогтоол гарсан байтал үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг тогтоон, шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ