Төгсөгчдийн ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг болно

img

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас ЭЕШ-ын дүнг цахимаар засах шилэн технологийг нэвтрүүлээд байна. 

 

 

Шилэн технологийн туршилтыг энэ удаад Эрдэнэт хотын ирээдүйн эзэд болсон сурагчдын дунд өчигдөр буюу Даваа гарагт зохион байгуулж, улмаар байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг явууллаа. Ингэхдээ жил бүр хэл ам дагуулдаг тестийн нууцлал алдах эрсдэлээс давхар сэргийлж, интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгай багийн мэргэжилтнүүд шалгалтын лацадсан материалыг сурагчдад тараасан юм. Олимпиадад нийт 102 сурагч оролцож, цахим засалтын программын хамгийн өндөр буюу 114 оноог Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч С.Уранчимэг авч, тэргүүн байр эзлэв. Харин удаах байруудад тус сургуулийн сурагч Т.Цэлмэг 87, А.Мөнхзаяа нар 84 оноогоор орсон юм.  Мөн энэ үеэр Орхон аймгийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь чиг баримжаа болгох зорилгоор инженерийн боловсролын CDIO стандартыг хэрэгжүүлэх төрийн өмчийн зургаан их сургуулийн боловсролын экспо үзэсгэлэн гарлаа.

 

Тоо баримт дурдахад, улсын хэмжээнд ЭЕШ-нд жилд дунджаар 30-40 мянган сурагч бүртгүүлж, дөрвөн шалгалтаас сонгон өгдөг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн нийт 50 шалгалтын төвөөс хариултын хуудсыг засалтын постод татан авч 20-30 хүнийг тусгаарлан хариултын хуудсыг засагч машинаар уншуулахад доод тал нь 14 хоног зарцуулдаг. Улсын хэмжээнд жил бүр дунджаар 9.000 орчим шалгуулагчид сумаас аймгийн төв дээр ирж  ЭЕШ-ын шалгалт өгдөг бөгөөд дүн оноог засаж дуустал 14 хоног хүлээдэг. Дүн оноо гарсны дараа хуваарь сонголтоо хийх гэж бас дахин ирдэг. Энэ үед суралцагч тус бүр орон нутгаас аймгийн төвд ирж, буцах байрлах, хоол, унааны зардалд ойролцоогоор 200 мянган төгрөгийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өрхөд сэтгэл зүйн болон санхүүгийн бодит хүндрэлийг учруулж нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоог Боловсролын үнэлгээний төв гаргаад байна. 

 

Энэхүү дэвшилтэт технологи нэвтэрч, шалгалтын дүнг газар дээр нь засч танилцуулдаг болсноор дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээс гадна мэдээллийн нээлттэй, ил тод байх зарчмыг хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах бодит боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү технологийг улс орон даяар нэвтрүүлэх талаар салбар яамнаас анхаарал тавин ажиллаж байна. 





СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Муу сурдаг байсан хүүхэд Танилтай болохоороо Засаг дарга болоод Аймаг орон нутагтаа юу хийсэн юм бэ. Шагайн харвааны байр л барьлаа ш дээ. Ийм л байна.
2018-04-04
Зочин:
Их дээд сургуулийг онц төгсөөд яах юм бэ. Танил тал нам байхгүй бол ажил бүрхэг шүү дээ.. Муу сурдаг байсан хүүхэд Өнөөдөр Улс төр хөөгөөд Аймгийн Засаг дарга хийж л байна
2018-04-04
Зочин:
Дарга сайдын хүүхэд хар тамхичин байсан ч улсын зардлаар гадаадын их дээд сургуульд сураад төгсдөг ч юм уу үгүй ч юмуу ирдэг биз дээ. Буцаад Монгол улсын төлөө юу хийж байна Гадаад явж ирээд хар тамхины наймааг цэцэглүүлж байгаа биз дээ.
2018-04-04
Зочин:
Үнэгүй сургачих юм шиг шалгалт авах ямар хэрэгтэй юм бэ. Багш нар чинь ямар байгаа билээ. Тийм багшаас ямар боловсролтой хүүхдүүд гарах нь тодорхой ш дээ. 60 оноо авах хүүхэд олдохгүй байна гээ биз дээ. Ичмээр боловсрол. Сургуулиудаа цэгцэлчихээд дараа нь босго тавь л даа. Зүгээр сурлагаар нь жагсаагаад сургууль суралцах эрхийн бичгийг нь гардуулал даа
2018-04-04
Зочин:
Боловсролын яам энэ шалгалтаа болих хэрэгтэй ш дээ. 12-р анги төгссөн л бол ИХ ДЭЭД сургуульд орох эрх нь нээгдэж байгаа ш дээ. Юунд хэрэгтэй гэж ингэж их мөнгө зараад байгаа юм бэ. Ямар ч үнэгүй боловсрол ш дээ. Сайн сургуульд үнэ төлбөргүй оруулж сайн боловсон хүчин бэлдэх хэрэгтэй ш дээ.
2018-04-04
Зочин:
ЭЕШ гээд сүртэй мөнгө зарах хэрэг байгаа юм уу. Эцсийн эцэст бүгд л сургуульд ордог ш дээ KKKKKK
2018-04-04
Зочин:
Шалгалтаа сайн өгөөд Улсын сайн сургуульд төлбөргүй суралцах эрх авдаг бол сүртэй шалгалт ав л даа. Тэнцсэн ч тэнцээгүй ч гудамжаар дүүрэн сургууль байхад орно орсон хойноо төгсдөг л байхгүй юу. Ямар ч сургуульд ороод төгсөхөд зэрэг дэв адилхан л төгснө шүү дээ. Энэ шалгалт ер нь юу тодорхойлох гээд байгаа юм бэ
2018-04-04