Иргэд ХҮССЭН газраа гадаад паспорт захиалж болно

Иргэд харьяалал харгалзахгүйгээр ХҮССЭН газраа гадаад паспортоо захиалж болно

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ирэх даваа гариг буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдрөөс эхлэн гадаад паспортын үйлчилгээг зургаан дүүрэг, нийслэлийн үйлчилгээний дөрвөн төв рүү шилжүүлнэ. Төвийн зургаан дүүргийн иргэний бүртгэл болон Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил гэсэн үйлчилгээний төвүүдэд гадаад паспортын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна.

 

Сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад хамгийн их ачаалалтай үйлчилгээ нь яаралтай буюу ажлын гурван хоногт багтаан гадаад паспортыг гаргадаг ажил байсан аж. Захиалга өгч буй иргэдийн 76.1 хувь нь яаралтай үйлчилгээ сонгодог байна. Зөвхөн 100 айлд байрлах паспортын төвд үзүүлдэг байсан яаралтай үйлчилгээг даваа гаригаас эхлэн дүүргүүд, үйлчилгээний төвүүдэд шилжүүлж байна. Ингэснээр бүртгэлийн байгууллагын ачаалал багасч, хүртээмж ихэснэ.

 

Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр дурын газар очиж, үйлчилгээ авч болно. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн иргэн Сүхбаатар дүүрэгт гадаад паспортын захиалга өгч болох юм.

 

Нэг дүүрэгт хоёр цонх ажиллуулан гадаад паспортын үйлчилгээ үзүүлснээр ачаалал 10 хувиар буурна гэсэн тооцоог ОӨУБЕГ-аас хийжээ. Паспортын бэлдэц хангалттай байгаагаас гадна ажиллах хүчний зохион байгуулалтыг сайн хийсэн учраас энэ ажилд хүндрэл үүсэхгүй гэдгийг тус газраас мэдээллээ.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hudlaa buu yritsgaa. Asar hundreltei ...
2018-04-04
ГАДААД ПАСПОРТООР БИЗНЕС ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ, ШИВ ШИНЭ ПАСТОПОРТОО ДАХИАД АВАХ БОЛЖ БАЙНА, ТӨРӨӨР БИЗНЕС ХИЙХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БЭ? МАНГАРУУДАА
2018-04-04