Нийтийн тээвэрчид туйлдаж байна

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд мэдээлэл хийж, тус нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарыг огцрохыг шаардав.
Г.Төмөрбаатар даргыг ажилчдаасаа уучлалт гуйхыг хүсч байна
Зорчигч тээврийн нэгтгэлийн “Автобус III” баазын Үйлдвэрчний хороон дарга н.Баттулга “Зорчигч тээврийн нэгтгэл нэгдсэн нь хамгийн буруу шийдвэр боллоо гэж анх Г.Төмөрбаатар дарга хэлж байсан. Намайг сонговол би Зорчигч тээврийн нэгтгэлийг хамгийн түрүүнд тараана гэж өөрөө хэлсэн хүн. Бид дэмжиж Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга болгосон. Гэтэл тэр захирал болсон даруйдаа мөнгөнд хэт их дурласан. Тухайлбал 70 мянган төгрөгийн сэлбэгийг нэг сая 50 мянган төгрөгөөр, таван мянган төгрөгийн үнэтэй гал хамгаалагчийг 280 мянгаар, 20 сая төгрөгийн үнэтэй сэлбэгийг 49 сая төгрөгөөр аваагүй байсан бол танд ажилчдаа гэсэн сэтгэл байсан бол өнөөдөр манай нийт ажилчид ипотекийн зээлийн байрны 30 хувийг төлөөд явчих тийм их мөнгө байсан. Иймд Г.Төмөрбаатар дарга аа таныг ажилчдаасаа уучлалт гуй гэж хүсч байна. Таны 570 автомашин он оноор солигдож байхад нийтийн тээвэрт 5-20 жил ажиллаж байгаа хүмүүс цалингаас цалингийн хооронд үнэндээ туйлдаж байна” гэв.
Ажилчдын цалингаас нэг тэрбум 967 сая төгрөг “хулгайлсан”
Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭ-ийн хороон дарга Н.Төрбат “Нийт ажилчдын цалинг дутуу олгож байна. Өндөр настны тэтгэвэрт гарч буй хүмүүсийн тэтгэврийн асуудлыг шийдэхээ байсан тул ажлаас чөлөөлөхийг шаардаж байгаа юм. Гэтэл Нийслэлийн Засаг дарга хаацайлаад байгаа. Г.Төмөрбаатар дарга Зорчигч тээврийн нэгтгэл нь тэрбум 967 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж өөрөө зарласан. Гэтэл үнэндээ ажилчдынхаа цалинг тэрбум 967 сая төгрөгөөр танаж байж, нийтийн тээврийн автобус нэг үйлчлүүлэгчээс 800 төгрөг авч байж ашигтай ажиллана. Гэтэл өнөөдөр 500 төгрөгөөр явж байгаа атал ашиг гараад байгааг нь ойлгохгүй байна. Энэ бол Г.Төмөрбаатар даргыг огцруулах бүрэн дүүрэн шалтгаан мөн.
Г.Төмөрбаатарыг АТГ-аас 100 хувь буруутай болохыг нь тогтоосон. Түүний сарын цалин нь сая төгрөг. Урамшууллыг нь нэмэхэд сард 5-6 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл Зорчигч тээврийн нэгтгэлийн 22 хоног ажиллах ёстой ажилчин 28 хоног ажиллаж байж цалингаа авч байна. Манай нэгтгэл 1500 гаруй ажилтантай. Тэтгэврээ авч чадаагүй 40 орчим хүн байна. Цалингаа дутуу авсан 140 хүн байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. Дээд шүүхэд асуудал яригдаж байна. Жолооч нарт Зам тээврийн яамтай хамтраад 20 хувийн нэмэгдэл өгнө гэдэг. Өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Жолоочийн дундаж цалин 1 сая 200 мянга. Энэ цалинг 23-28 хоног ажиллаж байж авдаг. Шалгагчийн цалин 620 мянга дээд тал нь. Захиргааны албаны ажилчид 900-1 сая 200 мянган төгрөгийн цалинтай. Шийтгэл аваагүй жолооч гэж байхгүй. Автобусны жолооч нэг цагт 6200 төгрөгийн цалинтай. Утсаар ярьсан зэрэг шалтгаан хэлээд л 10-20 хувиар цалинг нь хасдаг. Тэгэхээр 28 өдөр ажиллаж байж 900 мянган төгрөг л гар дээрээ авдаг. Бас 20 хувьдуулсан жолоочийг шийтгэлтэй гээд цагийн мөнгийг нь таван мянгаар боддог. Ингэснээр өнөө авах байсан 900 мянгаас нь 300 мянган төгрөг байхгүй болдог” гэв.
Автобусны жолооч сард 155 цаг ажиллах ёстой аж. Энэ цагийг нэг жолооч өвдсөн ч, автобус нь эвдэрсэн ч 28 хоног ажиллаж байж гүйцэлдүүлдэг тухай ажилчид хэлж байна. Найман хүүхдийн аав автобусны жолооч хоёр жил цалин аваагүй, нийгмийн даатгал төлөөгүйн улмаас амьдрал нь нийгмийн эмзэг давхаргад шилжсэн гэдгээ хэллээ.
Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарыг ажлаас нь огцруулахгүй бол Нийтийн тээврийн ажилчид энэ сарын 9-нөөс Сүхбаатарын талбайд суулт хийж, тэмцлийн хэлбэр шилжинэ гэдгээ мэдэгдэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ