Дүүргүүдийн газрын алба бямба гарагт ажиллана

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дууссан. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа аж.

ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлжээ.
Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд оочирлон цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй аж. Дээрх хуулийг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулсан. Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болох аж.
Газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн Газрын албаны ачаалал эрс нэмэгдсэн байна. Мөн урин дулаан цаг болж иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгддэг зэргийг харгалзан дүүргүүдийн Газрын алба 4 дүгээр сарыг дуустал бямба гарагийн 9.30-16.30 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5, Баянзүрх дүүргийн 54 иргэнд, Сүхбаатар дүүргийн 40 иргэнд,Чингэлтэй дүүргийн 59 иргэнд, Хан-Уул дүүргийн 63 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 366 иргэнд, Налайх дүүргийн 14 иргэнд, Багануур дүүргийн 18 иргэнд, Багахангай дүүргийн 16 иргэнд нийт 625 иргэнд 3,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 244 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өгчээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ