Ажилчдаараа түрүү барьдаг “Автобус”-ны дарга

Сүүлийн өдрүүдэд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилчид хоёр талцаж, би чи гэж бичиг цааш шидэлцэх боллоо. Нэг өдрийн өмнө /2018.04.05/ тус нэгтгэлийн үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Төрбат тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, “Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар нь ажилчдынхаа цалин, тэтгэврийн мөнгийг хувьдаа “хумсалж”, “Lexus 570” автомашиныг он оноор нь солин унаж байна” хэмээн гомдоллов. Тэгтэл өнөөдөр тус нэгтгэлийн бас нэг үйлдвэрчний хорооныхон гэх хүмүүс мэдээлэл хийж даргыгаа өмөөрлөө.
Тус нэгтгэлийн “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь “жинхэнэ” нь гэнэ. II баазын жолооч Ц.Өлзий-Тогтох “Н.Төрбат нь ямар ч гишүүнчлэлгүй, бүрэн эрхийн хугацаа нь 2017.03.02-ны өдөр дуусгавар болсон тул ажилчдыг төлөөлөх эрхгүй. Тэр өөрийн бүрэн эрхийг хугацаа дууссаныг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллээр удаа дараа буруу ташаа мэдээлэл түгээж, бидний нэр хүндэд халдаж байна. Байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан, зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг турхирч ажилчдын хөдөлмөрлөх эрхэнд саад учруулж байна. Н.Төрбат нь ҮЭХ-ны дарга байхдаа биднээс хурааж авсан татварын мөнгө болох 36 сая төгрөг, шүүхээр татварын мөнгө гэж гаргуулж авсан 25 сая төгрөг нийт 60 гаруй сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдаг” гэв.

Тэдний араас үргэлжлүүлэн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаа, удирдлагын хэлтсээс хэвлэлийн хурал хийж, мөн л даргыгаа хаацайлж байна. Тус нэгтгэлийн Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дуламсүрэн “Манай нэгтгэлийг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан хүмүүс улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгсөн. Тиймээс энэ хүмүүсийг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
Байгууллагын нэр хүндэд халдсан эсэх, Г.Төмөрбаатар дарга ажилчдынхаа цалин, тэтгэврийг амин хувьдаа шамшигдуулсан эсэхийг шүүхийн байгууллага тогтооно. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн шүүх, цагдаагийн байгууллагаас урьтан даргыгаа өмөөрч байгаа нь үнэндээ тавилттай жүжиг үзэх мэт санагдлаа.
Нийтийн тээвэртэй холбоотой гомдол, саналыг захын нэг автобусны буудал дээр зогсож байгаа хүүхэд, хөгшид хэн нь ч хэлнэ. Хүн дайрсан, гэмтээсэн, цагтаа ирэхгүй хүлээлгэдэг, жолооч шалгагч нар нь харилцааны соёлгүй, автобус нь бохир заваан гээд нийтийн тээвэр үнэндээ “нэр” муутай салбар. Гэтэл энэ бүхэн зөвхөн хувийн хэвшлийн компаниудтай л холбоотой. Манай “Зорчигч тээврийн нэгтгэл” ямар ч алдаа гаргахгүй ажилладаг гэх утгатай зүйлийг захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд нь хэлж байх юм. 2015 онд гэхэд Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн "Daewoo BS" маркийн автобусны жолооч Г нь зорчигч 68 настай эмэгэй С-г унагаж гэмтээсэн хэрэг гарч байсан.
Мөн Тээврийн прокурор, Замын цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т 2017 оны тавдугаар сард шалгалт хийхэд тус нэгтгэлийн 1, 3 дугаар баазын үйлчилгээнд гарах 214 автобуснаас 133-т нь үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2, тоормозны гэрэл ажилагаагүй 9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөр гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй 4, улсын дугаарын гэрэл асахгүй 3, салхины шил нь их хэмжээгээр цуурсанаас жолоочийн харах боломжийг хязгаарласан 3, оврын гэрэл асахгүй 5 автобус байсан.
Энэ мэтчилэн зөрчил дутагдалаа арилгаж, иргэдэд сайн, сайхан үйлчилгээ үзүүлэх тал дээр илүү анхаарч ажилламаар юм. Зорчигч гэмтээсэн, иргэдийг удаан хүлээлгэсэн гэх мэт асуудлаар тодруулга авах гэхээр нүдэн балай, чихэн дүлий болчихдог хэр нь даргынхаа нэр хүндэд ихэд анхаарч даруйхан мэдэгдэл хийх аж. Хичнээн завтай, мөнгөтэй ч юм билээ.

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Эв нэгдэл” ҮЭХ болоод захиргаа, удирдлагын хэлтэс нь ээлж дараалан мэдээлэл хийсэн ч “Үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах вэ” гэж асуусан сэтгүүлчийн асуултад “Манайх стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг, огт алдаагүй байгууллага” гэсэн хариултыг өгнө лээ. Гэхдээ бодит байдал дээрх нийтийн тээврийн өнгө төрх энэ хариултаас тэс өөр гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ