Арслан, гарьдууд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарт шаардлага хүргүүллээ

МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгосон ч холбоог 16 жил хууль бусаар удирдсан Р.Нямдорж суудлаа өгөхгүй зууралдсаар байна. Эцэс сүүлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчингүй болсон тамга тэмдэг, гэрчилгээг ашиглаж хууль бус хурал зохион байгуулан тэргүүнээрээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Гэвч эл шийдвэр нь хууль бус учраас бөхчүүд дэмжихгүй байгаа юм.
Тодруулбал, Аваргууд нэгдэн тус холбооны тэргүүнээр сонгогдсон Л.Чинбатад "Олон жилийн турш үүссэн үл ойлголцол, талцлыг арилгаж, эвлэрүүлэн Монгол ёс заншлаа хүндэтгэж, бөхчүүдийнхээ нийгмийн асуудлыг илүү анхаарч ажиллах шинэ тэргүүнээр Л.Чинбат таныг гэж аваргуудын зөвлөл санал оруулж байна. Иймд та хамтарч ажиллана уу" гэсэн санал хүртэл гаргаж байжээ.
Тэгвэл арслан гарьдууд нэгдэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нар шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа, "Гурван шатны шүүхийн шийдвэрийг зөрчин, хууль бус хурал зохион байгуулж, иргэд ААН, бөхчүүд, бөх сонирхогчдыг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Мөн МҮБХ-ны эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж, буй Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нар хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг үүгээр шаардаж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр та бүхний ашиглаж байгаа тамга, гэрчилгээг 7 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ОӨУБЕГ-аас хүчингүй болгож, албан ёсны тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэж, албан ёсны гэрчилгээ, тамга тэмдэгийг олгосон байх тул шаардлагыг хүлээн авч, хууль шүүхийн шийдвэрүүдийг зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоож, Монгол бөхийн жудаг, ёс зүй, нэр хүндийг бодож, хуулийн дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ-нд үйл ажиллагаа явуулах боломж олгоно уу" гэжээ.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ