Багш нарын цалинг нэмэхгүй бол боловсролын гажуудал үүснэ

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж ажил хаях талаар өчигдөр /2018.04.13/ мэдээлэл хийлээ. Багш нар эрх чөлөө зөрчигдөж байна. Цалин амьжиргааны төвшинд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрийн мөлжлөгт өртөх боллоо. Тиймээс цалингаа нэмүүлэхийг шаардаж буйгаа мэдээллийн эхэнд онцоллоо.

Боловсролын ухааны доктор А.Санжмятав “Багшийн цалин нэмэх асуудлыг Засгин газар болон олон улсын валютын сангаас хамаарч боломжгүй гэсэн шийдвэрийг өгсөн. Бид энэ шийдвэрийг эргэж харахад багшийн цалин нэмэх гарц боломжууд 2018 оны эдийн засагт бий болсон. Энэ онд 73.1 тэрбум төгрөгөөр эдийн засаг нэмэгдсэн. Хувилаад үзвэл татварын орлого 29.1 хувиар дээшилсэн. Тиймээс багш нарын цалинг нэмэх боломж байна. Сангийн Яам, Боловсролын Яам, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яамтай хамтарч цалин нэмэх асуудлын талаар хэлэлцээрт суусан. Энэ хэлэлцээрт багш нар улиралд 45 хувийн урамшуулал авдаг байсан бол 60 хувь болгоё гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг бид гурван сарын хугацаанд харсан боловч энэ байдал өөрчлөгдөөгүй. Харин ч багш нарын улирлын нэмэгдэл 45 хувьдаа хүрэхээ больсон. Төрд мөнгө байхгүй гэсэн хэр нь уул уурхайн салбарын захирлууд жилд нэг тэрбум төгрөгний урамшуулал авч байна. Тэгэхээр төр мөнгөтэй. Харин түүнийгээ ямар ч хэрэггүй зүйлд зарцуулаад байна. Энэ бүхнээс шалтгаалж боловсролын гажуудал үүсч ирээдүйд монголыг авч явах мэрэгжилтэй боловсон хүчин дутуу бэлтгэгдэж байна. Багш нар ажилдаа сэтгэл ханамжтай сайн ажилбал Монголоос ирээдүйн сайн боловсон хүчин төрөн гарна. Манай улсын хөгжилийн гарц ганцхан уул уурхай биш харин чанартай залуу боловсон хүчинүүд юм” хэмээв.
Нийслэлийн 84 дугаар сургуулийн багш Б.Цэрэндолгор “Монголын төр ханцуйн дотроо наймаалцаж төрийн албан хаагчдын амьдралаар арван жил тоглолоо. Би 575 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь ажилласан жил, цол, ур чадварын нэмэгдэл зэргээсээ шалтгаалаад янз бүр байдаг. Бидний цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас багш нар ажил хаяна. Энэ улиралдаа багтааж цалингаа 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бид ажил хаяхад хүүхдүүд хохирох хэдий ч бидний энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол бидний хойч үе улам хохирох аюулд ороод байна. Цалингаа нэмээд бидэнд өгөх хариуцалгаа чангалаад өг” гэв.
Баш нар цалин нэмэхгүй бол ирэх сарын нэгнээс тодорхойгүй хугацаагаар ажил хаяхаа мэдэгдлээ.
З.Жамбал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ