У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах шийдвэр гаргана

img

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа уржигдар өндөрлүүлж, үргэлжлүүлэн Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт болох Ганцмод-Гашуунсухайтын үйл ажиллагаатай танилцсан. Харин өчигдөр Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгсөн юм.

 

Эзэмшлийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчид байдаг орон нутгийн “Тавантолгой” ХК Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 192.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрөгч онд улсын төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөговь аймгийн төсвийн 70 хувь, Цогтцэций сумын төсвийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани 1000 гаруй ажилчинтай, 95 хувь нь тус орон нутгийнх байдаг хэмээн “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж танилцуулж байв. Тавантолгойн бүлэг ордод 52 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс даруй хоёр дахин хямд үнээр иргэдэд борлуулдаг аж.

 

"Энержи ресурс" нүүрс тээвэрлэх боомтыг нэмэгдүүлэх санал тавив

 

Монголын уул уурхайн корпорацийн “Энержи Ресурс” ХХК Тавантолгойн ордын Ухаа худаг, Баруун нарангийн уурхайд олборлолт хийж байгаа. Үйлдвэрлэлийн нийт нөөц 509 сая тонн, борлуулах нөөц нь 286 тонн нүүрс бөгөөд Өмнөговь аймаг дахь нүүрс баяжуулах цорын ганц үйлдвэрийг 2011 онд нээж, үе шаттай өргөтгөсөөр жилд нийт 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болсон. Өнөөдрийг хүртэл нийт 40 орчим сая тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш зөвхөн баяжуулсан нүүрс экспортод гаргаж байгаа. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан тус компани дэд бүтцээ хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадсан ганц компани юм. ӨМӨЗО-ны Бугат зэрэг хотыг хамруулсан “А” бүсэд тус компанийн боловсруулсан нүүрс хамгийн өрсөлдөх чадвартайд тооцогддог ба энэ бүсийн зах зээлд зөвхөн Монголын компаниуд өрсөлддөг гэдгийг“Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байв. “Зах зээлийн үнэ сайн үед тээвэрлэлтээ даагаад хүрч очиж, Австралийн нүүрстэй өрсөлдөх чадвартай. Хятад Улс төмөр, гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь Монголын компаниудад томоохон боломж авч ирж байгаа” хэмээж байв. Гэхдээ экспортын зөвхөн ганц гарцтай байх нь зөв эсэхийг бодолцох хэрэгтэй гээд боомтын эргэлт удааширснаар нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж, 60 орчим ам.доллараар худалдаалж байгааг хэлэв. 2017 онд борлуулалтын орлогыг өмнөх оноос 4 дахин нэмэгдүүлж, 476 сая ам.долларын борлуулалт хийсэн, үйл ажиллагааны ашиг 124 сая ам.долларт хүрсэн, 4.4 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон, үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашигладаг гэсэн статистик мэдээллүүдийг Г.Батцэнгэл захирал өгч байв. Хэрэв Гашуунсухайт боомтын гацалт арилж, татан авалт сайжирвал үйл ажиллагаагаа 2 дахин өсгөх бололцоотой, хилийн цаана ч худалдан авагчид бэлэн байгаа гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

namgui irgen:
turiin umch bish oron nutgiin umch 192M tn. turiin umch ni her tom boloh yaj sorcholj baigaag medehgui bj bitgii hutsaj bai.
2018-04-15
Nam bus irgen:
Turiin umchiin uildveriin nuuts 192 saya tonn, huviin umchiin uildveriin nuuts 509 saya tonn. Neg iimerhuu. Uls hugjihgui baigaagiin negen jishee.
2018-04-15
namgui irgen:
turiin umch bish oron nutgiin umch 192M tn. turiin umch ni her tom boloh yaj sorcholj baigaag medehgui bj bitgii hutsaj bai.