М.Даваажаргал: Олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларсан гэх эмгэнэлт мэдээ монгол түмнийг уй гашуудал, харуусал зэрэгцүүлсэн билээ. Талийгаачийг өнгөрсөн баасан гаригт сүүлчийн замд нь үдсэн.
Тэгвэл түүний хүү Хакүхо М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүлж, баярлуулжээ.
Тэрбээр "Миний аав Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй" хэмээн хүүхдүүдэд захижээ.
Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээгээр хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох "Чингис хаан" хүүхэлдэйн киног үзжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ