Бүх хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгох Ерөнхийлөгчийн төслийг дэмжсэнгүй


Төсвийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт тавьж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Олон жилээс харахад хүүхдийн мөнгөө 10 хувь нь авдаггүй юм. Банк дээр байж байдаг. Энэ мөнгөөр сургууль цэцэрлэг баривал яах вэ гэж би тэр үед ярьж байсан юм. Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол 250 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцъё. Энэ нь 50 тэрбум нэг үйлдвэр барина. Хэрвээ жилд таван аймагт үйлдвэр бариад байсан бол яах вэ? Бид ажлын байр бий болгож хүн амаа орлоготой болгохдоо биш улс төрөөрөөр л өрсөлдөөд байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа болчихмоор байгаа юм. Ч.Сайханбилэг 2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 40 хувьд олгоно гэж батлуулсан. Тэр үед одоо танилцуулга хийсэн З.Энхболд УИХ-ын дарга байсан. Он гарсны дараа хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоно гэж хэлээд төсөвт тодотгол хийлгүй хүүхдүүдэд мөнгө олгосон. Дараагаар нь дахиад хүүхдийн мөнгийг тодорхой хувьд олгосон. Түүх нь ийм юм. Өнөө маргаашаа бодож худлаа ярьдагаа болчих. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан. Өнөөдөр 5000 малтай малчин 20 мянган төгрөгөөр яах юм. Хаана хаанаа худлаа хэлдгээ больчих. Та нар ой санамжаа больчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний ой санамж хэвээрээ. Улс төрийн зорилгоор ард түмнээ басамжлахаа боль.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд алагчлахгүй олгох төсөл санаачилжайна. Хүүхдийн мөнгийг халамжийн мөнгөтэй битгий хольж хутгаач ээ. Хүүхдийн мөнгөөөс болж Монгол дампуураагүй юм шүү. Хүүхдийнхээ төлөө санаа тавьбал Монгол хөгжинө.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас олгож байсан. Хүний хөгжлийн сангийн үйлчлэлийг зогсоосон. Халамжийг угаасаа хавтгайруулж өгдөггүй. Хуулиа л дагах ёстой.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Ерөнхийлөгчийн санаалчилсан Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ