Л.Энхболд: Уул уурхай дагасан бүлэглэл бий болоод байна

img
 

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсонтой асуудлаар сэтгүүлчдэд хийлээ. Тэрбээр:

 

-Уул уурхай дагасан, зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сарын 20-нд etoim.mn гэсэн сайт дээр “Эрдэнэс Тавантолгой”-н нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн Тавантолгой хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Актан дээр “Эрдэнэс Тавантолгой“-н талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, “Эрдэнэс Тавантолгой”-н уу, хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн.

 

268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихлоо. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалттай байна. 268 мянган тонн нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно. Хамгийн гол нь энэ нүүрс алдагдсан нь тодорхой. Энэ нүүрсийг хулгайлсан гэх хардлага байна. 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтаар 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүр хилээр гарсан. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 ширхэг машин нүүрс гарсан гэсэн үг юм. Энэ асуудлыг одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй байна. 268 мянган тонн нүүрс ийм замаар явчихсан юм биш биз дээ гэдэг хардлага төрж байна хэмээлээ. УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийснхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.  

 

-Энэ хэрэг яг хэдэн онд гараад, одоо олон нийтэд ил болж байгаа юм бэ?

 

-Хэдэн онд, ямар аж ахуйн нэгж 286 мянган нүүрс авсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтооно. Би он сарыг нь мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоод хилээр гаргачихсан юм биш биз. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон юм биш биз дээ гэсэн хардлага байна.

 

-286 мянган тонн коксжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл гараад байгаа.

-268 мянган тонн нүүрс Тавантолгойн орд  газрын нутгаас гарсан. Энэ орд газрын нүүрс 70-аас доошгүй ам.доллараар зарагддаг коксжсон нүүрс. Исэлдсэн нүүр бол өөр үнэтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар исэлдсэн нь хэд, кокосжсон нь хэд вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Гэхдээ алин ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй.

 

-“Эрдэнэс Тавантолгой”-д компани дээр танд ашиг сонирхлын зөрчил байна уу?

 

-Надад ашиг сонирхол байхгүй. 1998 онд “Тавантолгой”-н 49 хувь миний хувь байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар энэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Өнөөдрийг хүртэл би энэ хэргээр маргаан үүсгээгүй. Энэ нь надад нэг кг ч нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулах байх.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Л.ЭНХБОЛДЫГ ДЭМЖНЭЭ
2018-04-18