Монголбанк Засгийн газрын касс болсноор бүх зүйл дампуурсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Мөнгө угаахтай тэмцэх гэж байхгүй зүйлийг яагаад хуульчлаад байгаа юм. Мөнгө угаах гэдэг чинь хууль бусаар олсон мөнгөөрөө терроризмыг санхүүжүүлэхийг хэлж байгаа юм. Тэрнээс биш авлига, хээл хахууль биш. Хар тамхи, хүний наймаа манайд байгаа нь үнэн. Хэрвээ энэ хуулийг барих юм бол би мөнгө угаах, терроризмтэй орон болох гээд байна. Мөнгө угаах, авлигын хэрэг хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Орос, Хятад хоёрын дунд байгаа Монгол Улсад терроризм гэсэн ойлголт байхгүй. Байхгүй зүйл дээр яагаад энэ хуулийг оруулж ирж байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Мөнгө угаах терроризмтэй тэмцэх хуулийн гол зорилго нь урьдчилсан сэргийлэх зорилготой. Бид мөнгө угаах гэмт хэрэг бий болохоос сэргийлж байна. Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба нь 20 сая-аас дээш ам.долларын гүйлгээ хийсэн тохиолдолд мэдүүлэх үүрэгтэй. Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол санхүүгийн хориг арга хэмжээнд орно.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Монгол банк мөнгө угаах үйлдлийг хянана гэлээ. Гэтэл Монгол төгрөгийн ханш унасантай холбоотой энэ хуульд ямар заалт орсон бэ?
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Хууль ном гэхээсээ илүү ажил хариуцаж байгаа хүнээс бүх зүйл болж байгаа. Монголбанк Засгийн газрын касс болсноор өнгөрсөн жилүүдэд бүх зүйл дампуурсан. 20 саяас дээш гүйлгээ хийхэд тагнуулын байгууллагад шилжүүлэх эрх нь нээлттэй байгаа. Хадгаламж банкийг 2013 оны долдугаар сард гэнэт хаагаад хураасан. Гэтэл маргаашнаас нь 1300 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш гэнэт өссөн. Одоо Батхүүгийн бичсэн өргөдөл байна. Өөрөө өөрөөсөө мөнгө зээлээд байсан байна лээ. Монголбанкны санхүүгийн алба ажлаа хийгээгүй. Өмнөговь аймагт цахилгаан станц барьж байна гээд дахиад 70 саяыг авчихсан. Эд шалгаагүй. Сүүлийн хоёр жилд ажиллаад 3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон нь ном журмын дагуу ажилласных. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хууль бус, эдийн засагт туйлын хүнд тусна гэж би АБҮЗ-д орж хэлэхэд дураараа авирлаад байсан. Эх захгүй замбараагүй байдал үүсэхэд Санхүүгийн алба гэдэг зүйл их үүрэг гүйцэтгэсэн. Мөнгө угаахтай тэмцдэг хоёр гол газар нь мөнгө угаах ажлыг зохицуулж өгсөн.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ