Сумын Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирлыг томилох хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Уг хуулийн төслөөр сум, дүүргийн Засаг дарга нар сургууль, цэцэрлэгийн захирлыг томилох эрхийг олгож байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаатар:
-Орон нутгийн багш нар орон нутагт байгаа хамгийн том сэхээтнүүд. Гэхдээ тэднийг улс төр ашигладаг. Орон нутгийн Засаг дарга томилно гэсэн мөртөө сонгон шалгаруулалтыг нь аймаг, нийслэлийн удирдлагууд хийнэ гэж байна. Энэ бол худлаа. Багш нарыг ямар хүнээр удирдуулахыг тухайн хамт олон шийдэх хэрэгтэй. Тэгж байж зөв явна. Сумын цэцэрлэг, сургуулийн шалгуур үзүүлэлт байх хэрэгтэй. Энд тэнд улстөр хийж явсан хүн сургуулийн захирлаар очдгийг хаах хэрэгтэй.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:
-Энэ хуулийн төслийг Засгийн газар дэмжихгүй байх сууриа илэрхийлсэн. Бид салбарын хэмжээнд бүхлээр нь авч хэлэлцэж байж шинэчлэл хийж чадна. Засгийн газар Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирнэ. Тийм учраас энэ хуулийн төслийг байнгын хороо дэмжээгүй.
Ингээд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 47 хувийн санал авлаа. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Дараагаар нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох хүрээг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэж эхлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ