“PC-г хаах талаар яриад ч хэрэггүй”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч баасан гарагт /2018.05.04/ Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоом буюу бидний хэлж заншсанаар пс тоглоомын газруудыг хаах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь буюу 42 хувь нь нийслэлд амьдардаг байна. Хөдөө орон нутагт цахим тоглоом тоглогчид харьцангуй цөөн. Харин Улаанбаатар хотын хүүхдүүд ПС гэх цахим тоглоомыг тоглох нь элбэг. Энэхүү цахим тоглоом нь хүүхдүүдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй хэмээн үзэж тухайн тоглоомын газруудыг хаах шаардлагатай гэж Хотын дарга үүрэг өгсөн. Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг нь хамтраад тус тоглоомын төвүүдийн зөвшөөрөл олголтын асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх хэрэгтэй. Хүүхдээрээ тоглож ашиг олж болохгүй” гэсэн.
Одоогоор зөвхөн үүрэг өгсөн төдий л байгаа энэ ажил хэзээ албан ёсоор эхэлж, хяналт, хориг тавьж ажиллах холбогдох байгууллагууд хэрхэн ажиллах нь хараахан тодорхойгүй нам гүм байна. Харин PC тоглоомчид хэдий нь эсэргүүцлээ илэрхийлээд эхэлжээ. Олон нийтийн зарим нь пс тоглоомын газрыг хаах нь зөв гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь буруу гэж дүгнэж буй аж. Дургүйцлээ илэрхийлэгчид “ПС-г хаах талаар яриад ч хэрэггүй шүү”, “ПС архидалтыг буруулсан” гэх мэтээр цахим тоглоомын газруудыг өмөөрч байна.
Хотод үйл ажиллагаа явуулж буй аль ч РС тоглоомын газарт ороход ширээ бүр эзэнтэй байх бөгөөд тэнд сургуулийн насны хүүхдүүд дүрэмт хувцастайгаа цүнхээ үүрээд сууж байгаа харагддаг. Хотын даргын үүрэг даалгавар хөрсөн дээр хэрхэн буухыг эргэн сурвалжилна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ