САЙД хориглосон ч ЗАХИРАЛ зөвшөөрдөг


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна.
Гэвч анги дэвших баяраа амралтын газарт тэмдэглээд буцаж явсан Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид зам тээврийн осолд өртжээ. Тодруулбал тус ангийн сурагчид болон тэдний эцэг эхийг тээвэрлэж явсан том оврын автобус, замын хажуугаас ухран гарч ирж байсан хүнд даацын автомашиныг мөргөснөөс осол гарсан тухай тус аймгийн телевизээс мэдээллэв. Ослын улмаас хүний амь, нас эрсдээгүй ч тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт гурван том хүн долоон хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Автобусны жолоочийн биеин байдал хүнд байгаа бөгөөд дотуур цус алдаж байсан тул яаралтай хангалгаа хийсэн байна. Мөн сэхээн амьдруулах тасагт духны ясны хугаралт, цөмрөлттэй 10 настай охин хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор охин ухаан орсон ч цаашид эрчимт эмчилгээ хийлгэх нэн шаардлагатай байгаа юм байна. Мөн энгийн тасагт шилбэний яс хугарч, бяцарсан 60 орчим насны хоёр иргэн, айсан, цочсон байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирсэн зургаан хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Осолд өртсөн хүүхдүүдтэй эцэг, эх нь хамт явсан бөгөөд тэд Дархан-Уул аймгийн Зулзагийн гол орчимд байрлах амралтын газарт амраад буцаж явсан байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ЕБС-ийн суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон. Хориглосоор байтал эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ авч явж, зам тээврийн ослын хохирогч болгосон нь Монгол Улсад эцэг, эхчүүдийн хариуцлага маш сул байгааг харуулж байна.
Мөн сайдын суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахгүй байх хориг ч хөрсөн дээр буухгүй байна. Учир нь өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн СХД-ийн ...сургуулийн аравдугаар ангийн сурагчид автобус “түрээслэн” Тэрэлж орчимд очиж амарсан байна. Ингэхдээ нэг хүүхдээс 30 мянган төгрөг хураасан бөгөөд уг анги 37 хүүхэдтэй бөгөөд нийтдээ 1 сая 110 мянган төгрөг цугларчээ. Энэ мөнгийг сурагчид өөрсдөө захиран зарцуулаагүй бөгөөд уг зугаалганд эцэг, эхийн зөвлөл гэх хэдэн хүнээс гадна ангийн багш нь хамт явж, мөнгийг зарцуулсан байгаа юм. Ихэнх мөнгийг автобусны түрээс, шатахуунд зарцуулна гэдгийг тайлбарлаж, хүүхдүүдэд зөвхөн ундаа, ус, боов, боорцогхон тараасан гэдгийг тус ангийн сурагч хэлсэн. Хэдий эцэг, эхийн зөвлөл хамт явсан ч хараа хяналт сул байсан тул ангийнх нь хөвгүүд нууцаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг ч тэр хэлсэн. Азаар тэд эсэн мэнд эргэж ирсэн ч муу үр дагавар гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн байсныг үгүйсгэх аргагүй.
Энэ мэтчилэн хориглосоор байтал хонхны баяр тэмдэглэх, ангиараа нийлж амралт зугаалганд явах хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд халтай. Үнэндээ сайд хориглосон ч сургуулийн захиргаа, захирал зөвшөөрөн "толгой" мэдэн сурагчдыг амралт, зугаалганд явуулж байгаа нь хууль бус үйлдэл. Тиймээс хонхны баяр, амралт зугаалгаас татгалзъя!!!. Мөнгө өгөөд амралтанд явуулах биш мөрөөдлийг нь сонсоод ярилц!!!
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ