ХИЧЭЭЛ үймүүлэхийг ХОРИГЛООД өг

Монгол Улсад жагсаал цуглаан хийх тухай журамд хориглосон газруудын жагсаалт бий. Тус журмын 7 дугаар зvйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газруудыг тодорхойлж өгчээ.
1. Нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;
2. Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;
3. Радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;
4. Олон улсын буюу үндэсний яармаг, vзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;
5. Эмнэлгийн байгууллага гэх газруудад олноор цуглаж, чимээ шуугиан гаргахыг хуулиар хоригложээ.
Харин энэ жагсаалтад боловсролын байгууллага тэр дундаа СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ-ийг орхидуулсан. Товчхондоо сургууль, цэцэрлэгийн гадаа жагсч болно. Цэцэрлэгийн хүүхдүүдийн унтах цагаар гадаа нь орилж, сэргээж, айлгаж болно. Сургуулийн сурагчдын хичээл хийх цагаар цонхон дор нь цуглаж, анхаарлыг нь сарниулж, буруу зүйлийн санаа сэдэл өгч, уруу татсан ч асуудалгүй.
Хууль ийм цоорхойтой учраас өнөөдөр ч нэг нөхөр нэгэн сургуулийн гадаа цагаан хоолой бариад орилж зогсоно. Ахлах ангийнхны улсын шалгалт хаяанд ирсэн цаг. Төгсөн ангийн элсэлтийн шалгалтандаа бэлдэн, толгой өндийх завгүй. Харин балчирууд нь бэлтгэл бүлэгтээ бэлдэж буй. Ийм л цагаар хэнийг хохироох гэж сургуулийн гадаа цуглаан хийж, багш, сурагчдыг “зовооно” вэ. Хүүхдийн амгалан тайван орчинд байх, сурч мэдэх эрхээс давсан хэтэрхий явцуу эрх ашиг гэж үүнийг л хэлэх биз.
Монгол хүн бүр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн эрхтэй. Тиймээс эрхээ эдэлж, үгээ хэлж болох. Бас хүн бүр сурч боловсрох, эрдэм мэдлэг олж авах “Эцэг” хуулийн заалттай. Хэн ч энэ эрхэд саад болох ёсгүй. Товчхондоо нэг хүний эрх нөгөөгөөр хязгаарлагдах ёстойг ухамсарт хүн бүр мэдэх үүрэгтэй. Үгээ хэлэх эрхээ эдэлж байгаа нэрээр бусдын эрх боловсрох эрхэд халдах нь шударга бус үйлдэл гэдгийг хэлэх нь илүүц биш гэдгийг сургуулийн гадаа жагсагчид харуулж байна.
Тэгэхээр жагсаал цуглааны хуулийн хориглосон заалтад СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГийн бүсийг яаралтай нэмэх хэрэгтэй. Дуртай нэг нь хүссэн цагтаа сургуулийн гадаа очиж орилон, хичээл үймүүлэхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэнд Монголын ирээдүй боловсорч буй.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ