Улс төрийн шийдвэрийн зөв бурууг АТГ, прокурор хэлэлцэхгүй


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа. Тэдэнд хилийн хориг тавьж, гадуур байцаахаар болжээ. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих санал гаргасан ч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс суллах шийдвэрийг гаргав.
Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Албан тушаалаа ашиглан, авлига хээл хахуул авч, улсад маш их хохирол учруулсан гэх хэрэгт шалгаж байгаа гэсэн ташаа ойлголт байна.
Яллагчаар татах тогтоолд авлига авсан, хөрөнгө мөнгө завшсан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм асуудлаар шалгаагүй. Оюутолгойн гэрээ бол Засгийн газар дамжин хэлэлцэгдэж, УИХ-д танилцуулагдан, хоёр ч тогтоол гарсан улс төрийн бөгөөд бодлогын шийдвэр. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд ч асуулга тавьж байсан.
Оюутолгойн гүний уурхайг хөдөлгөх талаар гаргасан улс төрийн шийдвэрийн зөв бурууг хууль хяналтын байгууллага, АТГ, прокурор хэлэлцэж байгаа нь буруу.
Үндсэн хуулинд бодлогын буюу Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хэлэлцэх тухай тодорхой заасан байгаа. Засгийн газрын шийдвэрийг буруу гэж үзвэл Засгийн газар өөрөө эсвэл УИХ хэлэлцэж, хүчингүй болгоно гэсэн заалт бий. Ийм заалттай байхад хууль хяналтын байгууллага оролцож байгаа нь буруу юм” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ