Монгол Улс 11 мянга 939 сувилагчтай, гэвч хүрэлцдэггүй

Олон Улсын сувилагчийн баярын өдөр жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн өдөрлөгийг өнөөдөр /2018.05.10/ зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 2017 оны байдлаар нийт 4005 эрүүл мэндийн байгууллагад 11 мянга 939 сувилагч ажиллаж байна. Гэсэн ч Монгол Улсын хэмжээнд сувилагч нарын хүрэлцээ бага байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц “Бидэнд байгаа тооцооллоор Улсын хэмжээнд нийт 9000 орчим сувилагч нэмэлтээр шаардлагатай байна. Энэ жил сувилагчаар 752 оюутан төгсөж байна. Үүнээс долоодугаар сарын 1-нээс 700 оюутанг авч ажиллуулахаар төлөвлөж байгаа. Мөн 200 туслах сувилагч бэлтгэхээр ярилцаж байна. Үүнийг Эрүүл мэндийн яам дангаараа шийдэхгүй. Сувилагчийн цалин хөлс хангалтгүй, бага байгаа. Үүнийг нэмэгдүүлэхэд зөвхөн Эрүүл мэндийн яам биш Сангийн яам, Засгийн газар, УИХ-ын шийдвэр гарах шаардлагатай байна” гэв.
Дэлхийн олон улсын түвшинд сувилагч нарын тоо нийт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 50 орчим хувийг эзэлдэг бол Монгол Улсад 38 хувьтай байдаг аж.
Сувилагч нарын ажлын ачааллын талаар Гуравдугаар төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн сувилагч Б.Тайванбаяр “Улсын хэмжээнд сувилагчийн цалин хөлс бага байна. Тиймээс сувилагч нар цалиндаа тааруулж ажилладаг гэж яриад байгаа. Бид цалиндаа тааруулж биш сэтгэлээрээ ажлаа хийдэг. Өнөөдөр Монголд сувилагчийн ажлын ачаалал дэлхийн стандартаас өндөр байна гэдэг. Энэ үнэн. Сувилагчийн ачаалал Монголд дэлхийн хэмжээнд 3-4 дахин их байдаг. Би өдөртөө 10-13 хүнд үйлчилж, 20-25 бичиг баримтыг хөтөлж хонодог. Мөн үйлчлүүлэгчийн даралтыг өдөрт 3-4 удаа үзэж, хянах шаардлага гардаг. Тиймээс бидний ажлын ачаалал өндөр байна гэж би үздэг” гэлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ