Богдын музейн эзэмшил газарт олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардав
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунханы эргэн тойрны газрыг бусдад олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах болон цаашид хамгаалах асуудлаар Ерөнхий сайд, салбарын яам, хотын удирдлагад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Богд хааны ордон музейн эзэмшил, хамгаалалтын бүсэд түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол бий. Тиймээс бид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, хотын дарга С.Батболд нарт дөрвөн зүйлийн шаардлага хүргүүлж байна.
Нэгдүгээрт, Засгийн газрын 96 тогтоолыг зөрчин музейн эзэмшил газарт барилга байгууламж барьж байгаа асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх,
Хоёрдугаарт, Богдын музейн эзэмшил газарт баригдсан барилгуудыг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлаж, нийт талбайг 5.7 га байхаар гэрчилгээ олгож, дархлах,
Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн сонгодог музей бүхий үндэсний урлагийн театр барьж байгуулах тухай шийдвэрийг нэн даруй гаргах,
Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын сүүлчийн хатан Дондогдуламын бунханг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлаж, тус газрыг тусгай хамгаалалтад авч соёлын өвд бүртгүүлэхийг шаардаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Богд хааны ордон музейн газрыг хамгаалах нэрийдлээр авсан компаниуд үнэхээр хамгаалах гэж авсан уу, ямар учраас нэр дээрээ байлгаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор төр өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулмаар байна” гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “УИХ-аас гарсан ажлын хэсэг соёлын өвийг хамгаалж буй барилга байгууламжуудтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны хуралдаанаар танилцуулаад явна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд барилга байгууламжийн талаар 24 заалт тусгасан байдаг. Гэтэл эдгээр заалтуудын заримтыг батлаагүй явчихсан байдаг. Иймд бид нэмж батлах 10 гаруй заалт байна хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ