“Оюутолгой” Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат Алтан-Овоог долдугаар сард тахихаар болсон байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай хамтран мэдээллээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын нэр бүхий 15 гишүүн “Оюутолгой” төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан юм.Тэрбээр мэдээлэлдээ:
- Манай гишүүд өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, “Дубайн гэрээ” зэрэг эрх зүйн актуудыг хүлээн авч, нарийвчлан судлах ажлаа эхлүүллээ. “Оюутолгой”-н ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө манай лобби бүлэг ажиллана. Энэ хүрээнд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсөлтэй холбогдуулан УИХ-аас гарсан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлд түлхүү анхаарна гэлээ. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ихээхэн нэмэгдсэнд шүүмжлэлтэй ханддаг эсэх талаар сэтгүүлчийн асуултад тэрбээр "“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлуудыг сайжруулах шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд тодорхой заалтууд нь хэрэгжихгүй байгаа тал ажиглагдсан. Анх батлагдсан ТЭЗҮ-гээс зардлын хэмжээг хэтрүүлсэн гэх мэт. Мөн хоёр талд ногдох ашгийн үзүүлэлтэд ч эргэлзээтэй зүйлс байгаа. Тэгэхээр энэ асуудлыг нэг бүрчлэн авч үзэх, сайжруулах, Монгол Улсын хуульд нийцүүлэх, Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулна" хэмээсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ