Ж.Эрдэнэбат:Нийслэлийн бохирдлыг арилгахын тулд татварын бодлогоор дэмжих хэрэгтэй

img

Төсвийн байнгын хороо хуралдлаа.    Хуралдаанаар  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай багц  хуулийн төслийн анхны хэлэлцүүгийг хийв. Уг хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа юм байна.  Төсвийн байнгын хороогоор Татварын тухай хууль, ААНОАТ-ын, ХХОАТ-ын, НӨАТ-ын, Төсвийн,  тухай хуульд тус тус  нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. . Уг өөрчлөлтөөр нийслэлийн дагуул хотод шилжин аж ахуйн үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлөх, нийслэлийн дэд төвийг бий болгох, дэд төвд шилжиж ажилласан бол татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

 

-Энэ хууль Нийслэлийн эрхзүйн байдлын хуультай дагалдан орж ирж байгаа.  Нийслэлд үүсээд байгаа асуудал нийслэлчүүд бидэнд том асуудал үүсгээд байна. Манай улс шиг нийслэлийн төвд арьс шир, ноос ноолуураа төвлөрүүлчихээд байдаг улс  орон гэж байхгүй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахын тулд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульдаа татварын бодлогоо тусгахаас өөр арга байхгүй. Манай улс шиг өргөн уудам нутагтай орны хувьд бүс нутгийн бодлого хэрэгтэй.  Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг арилгахын тулд татварын бодлогоор дэмжих ёстой.  

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Татварын бодлого шударга, тэгш байх ёстойг ойлгож байна. Гэхдээ татварын бодлогод бүс нутгийн буюу геополитикийн бодлого заавал байх ёстой. Дагуул хот, дэд төвүүд рүү үйлдвэрлэгчийг шилжүүлж байгаа нь зөв. Зөв механизмаа олох ёстой. Налайхаас урагшаа 461-ын гарамд барилга, яс боловсруулах зэрэг дөрвөн үйлдвэр байна. Тэр бол зөв. Тэдэнд дэмжлэг байх ёстой гэж бодож байна. Тиймээс дагуул болон дэд хотууд руу үйлдвэрлэх хүчнийг шилжүүлэхийг бодлогоор дэмжих  хэрэгтэй.

 

Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

 

-Бид төвлөрлөө сааруулах үүднээс шилжин байршуулж оруулж ирсэн.  Хотоос Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийг дагалдаж оруулж ирж байгаа учир хотоос нийслэлээс шилжин байршиж байгаа тохиолдолд гэж оруулж ирсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Энэ хуульд дүүргийн төсвийг хүн амын тоо, нийгэм эдийн засгийн нөхцөлийг харж батална гэж. Үндсэн хуультай нийцэж байна уу.

 

Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

 

-Манай нийслэлийн дүүргүүд дундажаар гурван аймгийн хүн амтай тэнцэж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүн ам 350 мянга хүрсэн. Дөрөв бараг таван аймгийн хэмжээнд хүрч байна. Тиймээс Үндсэн хуулийн зарчимд нийцүүлээд Төсвийн зарчим дээр оруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Улаанбаатар хотыг онцгой бүс болгохгүй бол  хүн ам, утаа тортог гээд асуудал их байна. Гэтэл сумын төв дээр хүн ам сайхан амьдарч байна.  Тиймээс дүүргийг  тооцоолон дээрх зарчмаар тусгасан.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан танилцуулахаар боллоо.  

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ