АСЕМ-ын үйл ажиллагаанд хийсэн АУДИТЫН ДҮГНЭЛТ

Үндэсний аудитын газраас АСЕМ-ын уулзалтын үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн аудитын дүнг танилцууллаа. Аудитын байгууллага АСЕМ-ын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахдаа түүний үр дүн, ач холбогдлыг тодорхойлоогүй, гарсан үр өгөөжийг тооцож тайлагнаагүй, санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулсан зөрчил илрүүлснээ тайлагнав.

Аудитад АСЕМ-ын үйл ажиллагаанд оролцсон төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээд хамрагдсан байна. АСЕМ-ын уулзалтад 395.7 тэрбум төгрөг зарцуулагдсан нь аудитаар нотлогджээ. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөрөнгөөр, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлээр санхүүжсэн байна. Гадаад харилцааны яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан бол бусад эх үүсвэрийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан гараагүй байгааг Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг хэллээ.
АСЕМ-ын үйл ажиллагаанд улсын төсвөөс 90.9 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс:
- 2016 онд АСЕМ-ын бэлтгэл ажлын урсгал зардалд 19.3 тэрбум төгрөг, 8 салбар, дагалдах уулзалтын зохион байгуулалтад 100 иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллахдаа 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ.
- Дээд түвшний уулзалтад 2.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
- АСЕМ-ын арга хэмжээний бэлэг дурсгалын зардалд 81.4 сая төгрөг төлөвлөсөн ч хэтрүүлэн зарцуулсан. Нэг хүнд 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зардал оногдож байна.
- Бэлтгэл ажлын хүрээнд гадаад, дотоодын сургалт зохион байгуулахдаа 722.4 сая төгрөг зарцуулсан ч тайлан, баримт байхгүй.
АСЕМ-ын үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй шууд гэрээ байгуулсан зөрчлүүд илэрсэн байна. Гэрээг тухайн үед нь байгуулаагүй, дараа нь нөхөж гаргаснаас гадна хяналт тавих боломжгүй гэрээ байсан аж. Мөн гэрээний захиалагч, гүйцэтгэгч хоёр тал нь хийсэн ажлаа дүгнээгүй, санхүүгийн тайлангаа хянуулаагүй. Товчхондоо хөрөнгийг хяналтгүй зарцуулж, хууль дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллага хийлээ.
АСЕМ-ын үйл ажиллагаанд хийсэн аудитын НЭГДСЭН ДҮГНЭЛТ:
- АСЕМ-ын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахдаа түүний үр дүн, ач холбогдлыг тодорхойлоогүй, гарсан үр өгөөжийг тооцож тайлагнаагүй, санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулсан зөрчил гарсан.
- АСЕМ-ын үйл ажиллагаанд хамааралтай гэх бүх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хууль зөрчиж, шууд гэрээгээр сонгосон.
- АСЕМ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн төсвийг санхүүжилтийн бүх эх үүсвэрээр нь нэгтгэж гаргаж, батлаагүй.
- Гадаад харилцааны яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын алба нь АСЕМ-ын үйл ажиллагаанд төсвийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгө, түүний зарцуулалтийн тайланг гаргаж, Засгийн газар, УИХ-д танилцуулахгүйгээр ажлаа дуусгасан.
- АСЕМ-ын төлөөлөгчдийг байршуулах зочид буудлуудад хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг Сангийн яам болон Хөгжлийн банк хэрэгжүүлээгүй.
- АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт импортын банкнаас зээлээр авсан 43 автобусыг хоёр жил борлуулж чадахгүй байснаас үүдэн улсын төсвөөс 2016-2017 онд зээлийн хүүд 20.6 мянган ам.доллар буюу 50.50 сая төгрөг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 14300 ам.долларын зээлийн төлсөн, үлдэгдэлтэй байна.
- АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулсан хандив тусламжийг хүлээн авахдаа ажлын хэсэг ажиллаагүйгээс бүртгэл бүрэн биш байна.
Энэ бүх зөрчлөөс үүдэн аудитын баг
-163.6 сая төгрөгт акт тавьсан
-151.8 тэрбум төгрөгт албан шаардлага өгсөн
-79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотойгоор 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн
-290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Засгийн газар, нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкинд зөвлөмж хүргүүлжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ