Таны хүүхэд нас “хулгайлагдсан” уу

img

Хүүхдийг Ивээх Сангаас “Хүүхэд Насны Төгсгөл” буюу “ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ОЛОН ТАЛ” хэмээх тайланг дэлхий нийтэд дэлгэжээ. Хүүхэд аль улс оронд илүү аюулгүй тайван байгааг үнэлж, хүүхэд насыг хэрхэн “хулгайлж” буй үзүүлэлтээр нь эрэмблэн 175 улс орныг жагсаасан байна. Энэхүү тайланд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, охидын эрт гэрлэлт, өсвөр насныхны жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг үзүүлэлтээр улс орнуудыг жагсаажээ.

 

 

Монгол Улс 175 орноос 71-д жагссан бөгөөд авбал зохих 1000 онооноос 891-г авсан байна. Өнгөрсөн жилийнхээс 11 нэгжээр өссөн нь сургууль цэцэрлэгийн хамрагдалт нэмэгдсэн, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй холбоотой.

 

Хөрш улс орнуудаас БНХАУ 40-д, ОХУ 37-д, харин Казакстан улс 45-д жагсжээ. Жагсаалтын эхэнд буюу хүүхдэд хамгийн аюулгүй орноор Сингапур болон Словен улс нэрлэгдэж, Норвеги, Швед, Финланд улс эхний тавд оржээ. Хамгийн сүүлд орсон 10 орны 8 нь баруун болон төв Африкийн улс орнууд бөгөөд Нигер улс хоёр дахь жилдээ хамгийн сүүлийн байранд оржээ.  

 

Дэлхийн хүүхдийн талаас илүү нь буюу 1.2 тэрбум хүүхэд зөрчил мөргөлдөөн, ядуурал, охидын эсрэг ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа нь тэдний сурах,өсч хөгжих эрхийг  нь ноцтойгоор хязгаарлаж байна. Нэг тэрбум гаруй хүүхэд ядууралд нэрвэгдсэн орнуудад амьдарч буй. Үймээн самуун, зөрчилд автагдсан орнуудад 240 сая хүүхэд амьдарч байна. 575 сая охид жендерийн хувьд ялгаварлан гадуурхал өндөртэй улс орнуудад бий.

 

 

Монгол Улсын хувьд анхаарал татаж буй нэг үзүүлэлт бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байна. Манай улс хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгахад чиглэсэн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны  жагсаалт"-ыг шинэчлэн баталж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартуудыг баталж, морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэлийн системтэй болж, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн тухай хуулиуд хариуцлагын асуудлыг тусгасан. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд 2012 онд 181, 2013 онд 219, 2014 онд 205 хүүхэд хурдан мориноосоо унаж хэвтэн эмчлүүлсэн ба 2012-2014 онд нийт 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алджээ. Харин 2017 онд хурдан морины уралдааны явцад мориноос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон 3, амь насаа алдсан 2 хүүхэд бүртгэгдсэн байна. Хурдан морины хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг судалгаагаар тогтоожээ.

 

 

Б.Учрал

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ