Бороо ороогүйд ч хятадууд "буруутай"

Бороо орохгүй байгаад ч хятадуудыг буруутгаж чаддаг манайхан үнэхээр “мундаг” хүмүүс.
Саяны өдрүүдэд замын уулзвар дээрх хятад ханзтай таних тэмдгийн зургийг харж, хэсэгтээ уурсацгаав. “Муусайн хятадууд Монголын газар нутгийг эзэлж байна. Одоо бүр зам дээр хүртэл хятад бичигтэй самбар босгож биднийг доромжиллоо. Монголчуудаа босцгооё, сэрцгээе” гээд л цөс ихтэй хөөрлөөрөө их л дэвлээ. Хэлж байгаа үгс, уриалан дуудаж байгаа нь ч омогшмоор “мундаг” байгаа юм аа. Даанч тэр нь эцэстээ хий хоосон хийрхэл болж таарсан. Уураа барж, уушигаа сагсайлгаж бачуураад байсан өнөөх хятад бичигтэй самбар нь Хятаддаа буюу ӨМӨЗО-ных л байж шүү дээ. Бүр тодруулбал энэхүү самбар нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгаас БНХАУ-ын хилийн боомт болох Зүүн хатавч хүрэх замын дунд байрлах самбар аж. Зүүн хатавчийн боомт нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн нутагт байрлах Бичигтийн боомтой залгаа юм байна.
Манай улсад Хятад ханзаар бичигдсэн ямар ч замын тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй болохыг албаныхан мэдээлж, аргаа барсан даа “Түмэнбаяр Шархүүгээс сонссон, Шархүүгээс Мөнхбат сонссон, Мөнхбат Болдоогоос, Болдоо хаанаас сонссоноо санахгүй байна гэнэ” хэмээн ёгтолж суухав.
Гэтэл “Дорнодоор дүүрэн хужаа” гэх тайлбар бүхий хятад ханзтай зураг хуурай өвсөнд тавьсан түймэр шиг л газар авлаа. Сошиалаар “ална, хядна” гэж дэврэхээ азнаад газрын зураг сөхөөд харчих, эсвэл газарзүйн багшаасаа асуусан бол илүү ухаалагт тооцогдох байв.
Манайхан жаахан ухаантай сэтгэж, сошиал гэх “солиорлын ертөнцөд” хэт автаж, хий дэмий уурлаж бухимдахаа жаахан азнамаар юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ