Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумынхантай “дайн” зарласнаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-т очиж тодруулга өглөө. ТЕГ-ын дарга асан Б.Хурц АТГ-т гомдол гаргажээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар санал гаргаж, Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Мөн тэд УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Хурцын асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн саналыг гаргаж байсан юм. Үүнтэй холбогдуулан Б.Хурц АТГ-т гомдол гаргаж, өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нараас АТГ тодруулга авлаа.
АТГ-т тайлбар өгснийхөө дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэр дундаа 60 тэрбумынхантай “дайн” зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Нээлттэй, хаалттай сонсгол дээр АТГ ийм хурдтай ажиллаж чадаж байна. Тэгвэл тэр 60 тэрбумтай холбоотой асуудлаар өнөөдрийг хүртэл яагаад олон нийтэд мэдээлэл өгч чадахгүй байгаа юм бэ.
Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад үүнийгээ түдгэлзүүлээд яваад байгаа юм бэ гэдгээ тайлбарлаач гэж хэллээ. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дуулиан болоод одоо мартагдах шат руугаа орлоо. Яагаад энэ асуудал авлигатай холбоотой юу, үгүй юу гэдэгт тайлбар өгөхгүй байна вэ. Нөгөө дуулиант 60 тэрбумын хэрэг яасан бэ гэдгийг хэллээ.
Монголын нийгэм нэг хэсэг хэвлэлээр дуулиан болоод завхардаг байдалд даслаа. 60 тэрбумын гэх бодитой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол л энэ хэрэгт цэг тавих ёстой.
Би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлж байсан Ерөнхийлөгч хаана явна вэ. Амь насаа алдахаас ч айхгүйгээр Монголд шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой хаана байна вэ. Би хуульзүйн сайд болвол шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хуульзүйн сайд өнөөдөр хаана явна вэ. Дуулиант хэргүүд нь замхараад нийтийн сонсгол гэх хэргүүдийн хойноос хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихлоо.
Миний тэвчээр алдагдаж байна. Хангалттай харж, хүлээлээ. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэж, цаг тавихгүй бол иргэд, ТББ-тай нийлж, орон даяар тэмцлийг эхлүүлнэ гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна.
60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйгүй гэж бодож байна. Тиймээс сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзээд, 60 тэрбумын хэргийн талаар АТГ, прокурорын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Миний хувьд тэр болтол УИХ-ын чуулганд оролцохгүй” хэмээн мэдэгдлээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ