Б.Баатархүү: Цагдаа нар иргэнийг зодоогүй
Замын-Үүд боомтоор Улсын хил нэвтрэх гэсэн иргэд жагсаал, цуглаан хийж эмх замбараагүй байдал үүсгэсэн, улмаар цагдаа нар иргэдэд хүч хэрэглэсэн тухай мэдээлэл өчигдөр /2018.06.19/ цацагдсан. Үүнд Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ.

Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын зүгээс Улсын хилээр өнгө үзэмж муутай, бүрэн бус тээврийн хэрэгсэл, хүн тээврийн автомашинаар их хэмжээний ачаа зөөх зөрчил илэрч байгаа тул энэхүү зөрчлөө арилгах шаардлагыг Замын-Үүд сумын удирдлагад удаа дараа ирүүлж байжээ. Дээрх зөрчлийг гаргасан 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг нь хаасан байна. Үүнийг эсэргүүцэн 30 орчим иргэд нэгдэж эсэргүүцлээ илэрхийлэн, жагсаал цуглаан зохион байгуулжээ. Энэ үед Улаанбаатар хотоос Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ-ын Эрээн хотыг зорьж явсан 14 том оврын автомашинд 200 орчим иргэн зорчиж явсан. Хуулийн дагуу хил нэвтрэх гэж байсан эдгээр иргэнийгжагсаал, цуглаан зохион байгуулагчид Улсын хил нэвтрүүлэхгүй хэмээн хөдөлгөөнд нь саад учруулах, автомашинаараа зам хаах зэрэг үйлдэл гаргасан. Улмаар иргэдийн дунд маргаан үүссэн.
Иргэдийг хил нэвтрүүлэхгүй, автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн 30 орчим настай Х гэгч иргэн зам хаах, бие муудлаа хэмээн газарт унах зэрэг үйлдэл үзүүлсэн байна. Яаралтай тусламжийн дуудлагаар эмч ирж үзлэг хийхэд тухайн иргэн нь ил харагдах шарх сорвигүй, ямар нэгэн гэмтэл, бэртэл аваагүй гэдэг мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн. Тухайн иргэн нь цагдаад зодуулсан зүйл байхгүй, эмнэлэгт үзүүлчихээд гэртээ харихаар явсан байна. Хуулийн дагуу хил нэвтрэх гэж байсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагаас хэв журам сахиулах үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн иргэдийг зодсон асуудал гараагүй” гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ