Д.Сумъяабазар: "Тавантолгой"-гоор үгсэн хуйвалдсан зүйл байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн "Тавантолгойн төслийг чуулган завсарлах дөхсөн энэ үед яагаад яаралтай хэлэлцээд байгаа юм. Олон улсын зах зээлд заавал IPO гаргах шаардлагатай юу? гэсэн асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-Энэ төслийг хэрэгжүүлж, Компанийн засаглалыг сайжруулах ёстой. Энэ хүрээнд холбогдох салбарын 40-өөд хүмүүс ажиллаж байгаа. ҮАБЗ-өөр оруулж дэмжүүлсэн. Энэ асуудлаар үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Би хулгайч биш хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Нүүрсний үнэ өндийхөөр бид хамраа сөхдөг. Үнэ нь буурахаар асуудал үүсдэг. Бид ард иргэддээ асуудлаа хэлэх ёстой. Бид гашуун сургамж их амссан. Сэтгэлийн хөөрлөөр "Оюутолгой"-д хандаад нэг тэрбум ам.долларын зээлийг авчихсан. Ашиг нь хэзээ ч ирэхгүй. Энэ хэлбэрээр Тавантолгой шийдэгдэх вий гэж санаа зовж байна. Тавантолгойн хувьцаа хэзээ ч амь ордоггүй. 2.5 сая хувьцаа эзэмшигчийн эрх нь сэргээгүй. 2.5 сая хувьцаа эзэмшигчид компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орох эрхгүй сууж байгаа. Ийм нөхцөл байдалд ард иргэдэд мэдээллийг үнэн зөв өгөхгүйгээр үнэлгээ хийгээд сууж байна бид. 76 гишүүн 76 үнэлгээ зарлаж болохгүй. Өнөөдрийн Тавантолгойн үйл ажиллагаа хятадын нүүрсний ченж нарынхаар явж байгаа шүү.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-Хөрөнгө босгож, үйл ажиллагаа явуулах хугацаанд бид компанийн үйл ажиллагааг ашигтай ажиллуулахад анхаарна. Компанийн үйл ажиллагаа энэ чигээр үйлчилвэл ченжүүдийг дэмжсэн арга хэлбэрээр явж байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Цаашдаа менежментийг өөрчилж ажиллана.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Тавантолгойн төслийг хөдөлгөж, үр шимийг нь ард иргэдэд хүртээх ёстой гэдэг байр суурь нэг байгаа. Харин яаж явуулах вэ гэдэг дээр санал бодлоо хэлэлцэх цаг зай байгаагүй юм болов уу. Сүүлийн үед нэн яаралтай гэдэг дэгээр шуурхай шийдэх гээд байна. "Бушуу туулай борвиндоо баастай" гэгч болов вий.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ