Д.Сумъяабазар: Хонгконгийн хөрөнгийн биржийн шалгуурыг бид бүрэн хангана

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг эрчимжүүлэх, одоо явж байгаа үйл ажиллагааг нэмэх талаар тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэхийг дэмжүүлсэн. Цаашдаа олон улсын дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж, дэд бүтэц байгуулах эх үүсвэрийг босгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьчлах нь зүйтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэсэн саналууд гардаг. Бид олон улсын зах зээлийн дагуу явуулах хэрэгтэй гэж үздэг. Хөрөнгийн зах зээлтэй уул уурхайн салбар уялдаж байж илүү үр дүнтэй хөгжих боломжийг бүрдүүлдэг. Шаардлагатай хөтөлбөрүүдийг татан санхүүжүүлэх хэрэгтэй. Тавантолгойн ордын нүүрсийг ямар хугацаанд, ямар үнээр борлуулах вэ гэдэг нь баяжуулах үйлдвэртэй холбоотой. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн баяжмалыг гаргах хэрэгтэй. Эргэлтийн хөрөнгийн санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт хүндрэл учруулахгүй өөрсдөө авч явах ёстой юм.
Олон улсын бирж дээр хөрөнгө босгох хувийг 30 гэж үздэг. Бид олон улсын хөрөнгийн бирж дээр 3 хувийн хөрөнгө босгохоор ярьж байна. Хувьцааны тухайд төрд байх багц нь 55.25, иргэдэд 14.75, аж ахуйн нэгжид 0.5, биржээр 29.5 хувийг арилжаалахаар оруулж ирж байгаа. Тавантолгойн Монгол Улсын хамгийн том төсөл болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Монгол Улсад хамгийн сайн нөхцөл өгсөн биржүүдэд саналаа өгнө. Эхний ээлжинд Хонгконгийн хөрөнгийн бирж саналаа өгсөн байгаа. Бид давхар Шанхайн хөрөнгийн биржийг судалж байгаа. Нью-Йоркийн хөрөнгийн биржийг давхар судалж байгаа. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэлхийн санхүүгийн төв гэж явдаг хэмээлээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх Б.Ганхуяг:
-Өнөөдрийн байдлаар 4.7 сая олборлосон 6.5 сая нүүрс борлуулсан. Эхний таван сарын байдлаар 328 сая ам.долларын борлуулалтын ажил гүйцэтгээд байна. Бид 2018 оны гүйцэтгэлээр 1,2 их наядын орлоготой 530 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар борлуулалтын орлого биелэгдэх бүрэн боломжтой. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор олборлолт, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Үнийн бодлогыг хэрхэн барьж байна вэ?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх Б.Ганхуяг:
-Зүүн Цанхийг Чалкотой байгуулсан гэрээний дагуу үнээ тогтоодог. Зургадугаар сард хийсэн хэлэлцээрээр 61 ам.доллар болж үнийг нэмж тогтоосон. Чалкод анх удаа 61 ам.доллараар кокжсон нүүрсний үнийг тогтоосон. Ингэснээр борлуулалтын орлого 30 орчим хувиар нэмэгдэх боломжтой.
-Олон улсын зах зээлд гаргахын тулд эхлээд өөрсдийн хөрөнгийн биржээр гаргах шалгуур байдаг гэсэн. Тэгэхээр Хонгконгийн хөрөнгийн биржид гаргаж амжих уу?
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-
Дотоодын хөрөнгийн биржээр гаргах асуудал саад болохгүй гэж бодож байна.
-Тавантолгойн төслийг эрчимжүүлснээр дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих вэ?
-Тавантолгойн төсөл хөдөлснөөр барилга, тээвэр, үйлдвэрлэлийн салбарт өсөлт гарна. Тухайлбал барилгын салбарт 180 хувийн өсөлт гарна гэсэн тооцоо бий. Хөрөнгө санхүүгээ босгоод ирвэл төслүүд бэлэн байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ