Г.Баасан: АТГ-т авлигачид сууж байна


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" сэдвээр мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд ирсэн 87 гомдлыг АТГ-т шилжүүлжээ. 2017 оны аравдугар сарын 4-ны өдөр эхний гомдлыг хүргэсэн. Гэвч нэг ч өргөдлийн эцсийн шийдвэр гараагүй болохыг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэллээ.
Тэрбээр “Дэлхий дахинаа оффшортой хүчтэй тэмцэж байна. Гэтэл Монголд одоог хүртэл оффшорчдыг шийдэж чадахгүй байгаа. Тухайлбал 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон байтал энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Тиймээс АТГ хууль зөрчигчдөд хүлэгдсэн байна гэж үзэхээс өөр арга алга. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Х.Энхжаргалын цалин авах эрх өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хаагдсан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл авлигачдыг хамгаалж, сул цалин авч байгаа. АТГ-т бүхэлдээ авлигачид сууж байна. Бид өнөөдөр 30 сая төгрөгийн бэлэг авсан хүнийг 576 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа шүүгчийг, 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдаад 1.6 жилийн ял өгсөн шүүгчийг хуулийн байгууллагаас зайлуулъя хэмээн уриалж хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна” гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ