Х.Баттулга: Хүүхдийн хамгааллын байгууллагууд аюулгүй байдлыг хангах хэрэгтэй

img

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.Тэрбээр цаг үеийн асуудлаар байр сууриа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Сүүлийн үед хүүхэд, багачуудын амь насанд хохирол учирсан хэргүүд удаа дараа гарлаа. Хариуцлагагүй албан тушаалтнууд, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангагдаагүйн улмаас цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.2017 онд гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирсон бол энэ он гарсаар гэмт хэргийн тоо 40 хувиар өсчээ. 948 хүүхэд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага эзэлсний дийлэнх нь хулгайн хэрэг байна. 

 

Энэ бүх золгүй, эмгэнэлт явдал бол төрөөс хариуцлагын тогтолцоог сайжруулахгүй байгаагийн илрэл. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хуульд стандарт хэм хэмжээг боловсруулах шаардлагатай байна. Мэргэжлийн хяналтын газар, БСШУСЯ зэрэг хүүхэд хамгааллын байгууллага бүтцүүд сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. 

 

Цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлж, иргэдийн нөхөрлөлийн холбоог байгуулахыг хүсье. 

 

Эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтлүүлье. Хүүхэд хамгаалал бол эцэг эх, бүх нийтийн асуудал. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлье. Хүүхдийн байцаагч нарыг цомхотгосноос хүүхэд гэмт хэрэгт илүү өртөж байна. Хүүхэд ихээр гэмт хэрэгт өртдөг хэсгийг камержуулж, шаардлагатай төсвийг батлахыг анхааруулж байна. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхтэй холбоотой амьдралаас урган гарсан асуудлыг хуульд нэмэн суулгах хэрэгтэй.

 

Та бүхэнд тусгайлан танилцуулж байгаа асуудлын хэрэгжилттэй биечлэн танилцах болно.

 

Энэ бол миний эхний асуудал байлаа. Миний хэлэх дараагийн асуудал бол "60 тэрбум"-ын асуудал. "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар 19 гишүүн гарын үсгээ зурсан байна. УИХ-ын хаврын чуулган энэ асуудлыг хэлэлцээд завсарлах хэрэгтэй гэлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ