"60 тэрбум"-ын нээлттэй сонсголыг чуулган завсарлахаас өмнө явуулахыг шаарджээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Нийтийн сонсгол хийх тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгөх гэж байна. Нийгэмд дуулиан болсон хэргүүд шийдэгдэхгүй, замхардаг асуудал төрд итгэх итгэлийг сулруулж байна. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас мөнгө авсан, "60 тэрбум" зэрэг асуудал АТГ-т очоод замхран алга болсны нэг жишээ. Гэтэл УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг "60 тэрбум"-ын асуудлыг шалгасныг хэллээ. Шалгалт ил байх ёстой. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд бид нууцын зэрэглэлээс бусад асуудлууд ил байх ёстой гэсэн зарчмаар нийгэмд дуулиан тарьсан "60 тэрбум"-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар нээлттэй сонсголыг хаврын чуулган хаалтаа хийхийн өмнө явуулахыг хүсч байна УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр чуулганы нээлт дээр "Надад ямар ч гэм буруу байхгүй" гэж хэлсэн. Хэрвээ гэм буруу байхгүй бол хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгох хэрэгтэй гэлээ.
Нийтийн сонсголыг УИХ-ын гишүүдийн 4/1 нь гарын үсэг зурснаар явуулах эрх нээгддэг. Гарын үсэг зурсан нэр бүхий 19 гишүүнд Ж.Энхбаяр, Б.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Х.Болорчулуун, Б.Жавхлан, С.Жавхлан, З.Нарантуяа, Г.Солтан, Х.Нямбаатар, А.Сүхбат, Л.Энх-Амгалан, Н.Энхболд, Я.Содбаатар нар багтжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ