Ерөнхийлөгчийн хүсэлт хаа хүрэх вэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган маргааш хаалтаа хийнэ. Гишүүд амрахтай зэрэгцэн төрийн тэргүүн хүсэлт тавилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ хаврын чуулган хаагдахаас өмнө 60 тэрбумын асуудлаа цэгцлэхийг "Ах" намынхнаас хүслээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга "...Та бүхний мэдэж байгаачлан жилийн өмнөөс сүр дуулиантайгаар яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэрэг. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы хуралдааныг завсарлуулах хэрэгтэй гэсэн саналаа хүргүүлж байна.
2018 оны зургадугаар сарын 26-ны өдрийн Вашингтон пост сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалж буй талаар буюу “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар маш дэлгэрэнгүй нийтлэгдсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дотоодын бус дэлхий нийтээр гарч, яригдаад эхэллээ. “60 тэрбумын” асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан талаар би сонссон. Энэ асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай гэж та бүхнээс хүсмээр байна" гэв. Гэвч Ерөнхийлөгчийн өнөөдрийн хүсэлт маргааш хаалтаа хийх хаврын чуулганы босгоор давах болов уу.
60 тэрбумынхантай "дайн" дэгдээсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулах тухай УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй бичгээ бариад М.Энхболд дарга руу орлоо, ямартай ч. Ерөнхийлөгчтэй хүч хавсран зүтгүүлсэн 60 тэрбумыг шийдүүлэх асуудал УИХ-ын даргын өрөөнөөс гадагш яригдах уу, эсвэл тэндээ үлдэх үү.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ