Маргаашнаас амбулатори, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ зогсоно
Ажил хаялтын бурууг эмч, сувилагчид ХҮЛЭЭХГҮЙ
Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид энэ сарын 4-нд буюу маргаашнаас Улс, орон даяар ажил хаях болсныг мэдэгдлээ.

Тус холбооны дарга Б.Мягмар "Сум орон нутагт, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ дутмаг, хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Үүнээс шалтгаалан сумын эмнэлэгт судас тариагаа ч хийж чадахгүй болсон өндөр настай сувилагч ажлаа хийсээр л байгаа. Мэргэжлийн бус хүн тариа хийж, хүний амь насанд хүрсэн тохиолдол гарсан байна. Ажлын нөхцөл байдлыг сайжруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэхээр эмч, сувилагчид сүүлийн зургаан сарын турш тэмцлээ. Гэтэл төр үүргээ гүйцэтгэсэнгүй. Төр эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг зориудаар гацааж байгаа тул эмнэлгийн ажилчид ажил хаяхаар боллоо. Төр үүргээ гүйцэтгэж чадаагүй тул ажил хаялтын бурууг Засгийн газар хүлээх ёстой. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын туйлын хүсэл ажил хаялт биш байсан. Тиймээс 29 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил хаялтын үүрэг, хариуцлагыг Засгийн газар шууд үүрнэ. Энэ бол төрийн буруу” гэв.
МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Хүний эрхийн хамгийн гол нэг хэсэг нь хөдөлмөрлөх эрх. 1990-ээд оны сүүлээр Монголын багш нар 175 хоног ажил хаяж байсан түүхтэй. Тэмцэлд хүргэсэн буруутан нь тухайн үеийн Төр засгийн удирдлагууд байсан. Өнөөдөр эмч, сувилагчид ажил хаях гэж байна. Үүнд ч төр буруутай. Олон газар эрүүл мэндийн үйлчилгээ хүний нөөцийн хомсдолоос болоод тасалдаж байна. Тиймээс эмнэлгийн салбарынхан зөвхөн цалингийн төлөө биш хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахын төлөө тэмцэж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэмцэлд хүргэсэн буруугаа Засгийн газар хариуцна” гэлээ.

СХД-ийн эрүүл мэндийн төвийн ҮЭХ-н дарга, Г.Цэвэлмаа “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид ажил хаялт зарлах болсноо мэдэгдээд сууж байгаадаа үнэхээр харамсч байна. Бид олон жил тэвчиж ирсэн. Нэг эмч, сувилагч 2-3 хүний ажлыг гүйцэтгэж ирсэн. Одоо бид үнэхээр цөхөрч байна. Бид Засгийн газраас хийж байгаа ажилдаа тохирсон цалин авахыг л хүсч, шаардсан. Гэтэл Засгийн газар бодитой хариулт өгөхгүй байгаа нь ажил хаялт хийх тухайгаа зарлахад хүргэлээ. Үүнийг бид хүсээгүй юм шүү” гэв.
Эмч, сувилагч нарын ажил хаялт маргааш буюу энэ сарын 5-ны өлөө 08.30 цагт эхлэх бөгөөд асуудал шийдэгдэх хүртэл хугацаагүй үргэлжлэх юм байна. Хуулийн хүрээнд ажил хаялтыг зохион байгуулахын тулд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулийг дагаж хүний амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой буюу амь тэмцсэн үеийн тусламжийг хэвийн явуулах аж. Ингэхдээ “Би ажил хаялтад оролцож байна” гэсэн наалт энгэртээ зууж ажиллах юм байна. Бусад амбулаторийн болоод хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагаа 24 цагийн дараа тасалдах болно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ