Аялал жуулчлалынхан цусаа бэлэглэлээ

ЦССҮТ-өөс сар бүрийн 3-ныг цусаа бэлэглэх өдөр болгон, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Цусаа бэлэглэх ээлжит энэ өдөр аялал жуулчлалын салбарынхан цусаа өгч, хүний амь аврах үйлсэд нэгдлээ. Тус салбарынхан “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
Өнөөдрийн аяны үеэр олон хүмүүс цусаа бэлэглэснээс гадна доноруудад Бахархалын тэмдэг гардуулж алт, мөнгө, хүрэл доноруудыг тодрууллаа. Иргэн А.Ариунболд 40 удаа,Н.Алтанцэцэг 30 удаа,Т. Дээдэн 20 удаа цусаа өгснөөр бахархалын тэмдэгээр шагнуулсан бол Ч.Болормаа 70-аас дээш удаа цусаа өгч Хүрэл донор, С.Гантулга 100-аас дээш удаа цусаа өгснөөр “Мөнгөн донор” боллоо.
Алт, мөнгө, хүрэл донорууд нь цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ 150-аас дээш удаа өгвөл “Алтан донор”, 100-дээш удаа бол “Мөнгөн донор”, 70-аас дээш удаа нь “Хүрэл донор” болдог. ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан Д.Дулмаа “Манай төвд хүний амь нас аврах, хүний эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг бий болгож, эмнэлэгүүдийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага тулгардаг. 2005 оны судалгаагаар цусаа өгдөг хүн зүрх судасны өвчлөл буюу хавдраас өөрийгөө хамгаалах магадал нь 90 хувь гэж үздэг.Тийм учраас хүмүүсийг цусаа бэлэглээрэй гэж уриалах байна.
Энэ үеэр хүрэл донор Ч.Болормаагаа сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би 18 наснаасаа цусаа өгч эхэлсэн. Оюутан байх хугацаандаа хэсэг завсарлаж байгаад 10 гаруй жилийн өмнөөс дахин өгч эхэлсэн. Тэгээд 70-аас дээш удаа өгч, хүрэл донор боллоо. Мөн одоогоос 4 жилийн өмнө 35-аас дээш удаа өгч хүндэт донор болсон. Би өөрөө эмнэлгийн мэргэжилтэн учраас цус, цусан бүтээгдэхүүн ямар хэрэгтэй байдгийг маш сайн мэднэ. Цусаа өгөх нь хүний биед ямар ч гаж нөлөөгүй, харин ч тустай” хэмээн ярилаа.
Ч.Нандинцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ