Зам тээврийн ослоор хоёр хүүхэд энджээ

img

Хоёр хүүхэд амиа алдаж, зургаан хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой ослууд өчигдөр гарчээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг БЭЛХИЙН ЗАМ, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарыг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Мөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хойд уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч нь хүүхдийн тэргэнд сууж байсан 1 нас 10 сартай М-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед ээж А нь хамт явган хүний гарцаар гарч байсан аж.

 

Урин дулааны улиралд хичээл, сургууль амарч хүүхэд багачууд гадаа тоглох, зугаалах зэргээр амардаг. Энэ үед хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Статистик судалгаагаар 2018 он гарсаар эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн осол буурсан байгаа хэдий ч энэ төрлийн осол улсын хэмжээнд 371 бүртгэгдэж, 11 хүүхдийн амь нас хохирч, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн үзүүлэлттэй байна. Нийт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн насны ангилалаар авч үзвэл дийлэнх хувь нь эцэг эхийн хараа хяналтанд байх, ид тоглож наадаж, өсөн торниж байх буюу 7-14 насан дээрээ зам тээврийн осол, хэрэгт өртсөн байна.

 

Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг тул жолооч та тээврийн хэрэгслийн хурдыг ямагт анхаарч, бага насны хүүхдэд зам тавьж өгч байгаарай.

 

Мөн эцэг эх та хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Heleh ug alga hairan huuhduud. Erguu haihramjgui setgelgui umnuudaas bolj olon huuhed endej, gemtej bnaa, haramsmaar UM MAANII BAD MI HUM
2018-07-04