Монголын Үндэсний бөх хоёр ч холбоотой болж, багагүй хугацаанд маргаантай буй. Энэ маргаанаас үүдэн Бөхийн өргөөг булаацалдаж, хэд хэдэн удаа хаалгыг эвдэж, танхайрсан тохиолдол ч гарсан. Мөн бөхчүүд талцаж, наадмаар барилдах бус хэрэлдэнэ гэх шог яриа ч олон нийтийн сүлжээнд тархаад буй.
Энэ бүхнээс үүдэн Дархан аварга Х.Баянмөнх уриалга гаргажээ. Тэрбээр бөхчүүдэд хувийн эрх ашиг, холбоодын үл ойлголцлоос хамаарахгүйгээр наадамдаа барилдахыг уриалж байна. Энэ талаар Х.Баянмөнх “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Тиймээс холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриаллаа. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавихыг бөхчүүдэд санууллаа.
Б.Учрал