Унаач хүүхдээс эцэг, эхийн зөвшөөрлийг заавал шаардана

Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралдадг байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийг хэрэгжүүлэх болсон. Ийнхүү бүртгэлжүүлж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох боломж бүрдэх аж.
Мөн унаач хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэллээ. Тэрбээр "Уяачид, эцэг эхчүүдээ хамтран ажиллах гэрээгээр үүрэг хүлээчихсэн "Миг даатгал", "Номин даатгал" компаниудад хүүхдээ даатгуулана уу. Хамтран ажиллах гэрээний дагуу тээвэрлэлтийн зардлыг 10 сая хүртлэх төгрөгөөр олгох компаниудад даатгалаа хийлгээрэй. Үндэсний их баяр наадмаар 21 аймагт хурдан морины уралдаанд уралдаж буй хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Энэ үед уралдаан зохион байгуулж байгаа комисст ажиллаж байгаа цагдаагийн болон бусад эрх бүхий этгээдүүд энэ хүүхдийг хянаж, шалгах процесст нь тусалж, дэмжээрэй гэдгийг хүсч байна" гэв.
Мөн унаач хүүхдээс эцэг эхийн зөвшөөрлийг зайлшгүй бичгээр шаардах юм байна. Эцэг, эх асран хамгаалагчын зөвшөөрөлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ