Төв аймгийн Заамар сумын иргэд “Эко Алтан заамар” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тус компани нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг аж.
Гэтэл Өгөөмрийн их тохойрол нэртэй газрын хөрсийг хуулж, олборлолтын ажил эхэлж байгаа талаар тус багийн иргэд удаа дараа мэдээлж, уг тохойгоо авч үлдэхийн тулд тэмцэж байгаа ч үр дүнд хүрч чадалгүй байгаагаа дуулгалаа. Энэ асуудлын Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах “Уг тохойрол нь иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг, хөндөгдөөгүй ганц эрүүл газар. Энэ компаний уурхайн олборлолт, үйл ажиллагааны улмаас Баянголын элэг,цөс ходоодны рашаан ширгэсэн. Иймд нутгийн иргэдийн хүсэлтээр ээлжит бус хуралдааныг явуулсан. Эцсийн дүнд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөнд тооцон, уурхайг лацдаж, үйл ажиллагааг зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч лацыг аван, хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байна” хэмээн ярилаа.
Нутгийн иргэд газар нутгаа авч үлдэхийн тулд тууштай тэмцэхээ илэрхийлж байв.
О.Төгөлдөрмаа
Уншиж байна |