Бяцхан үрсэд амьд явах баталгаа ХАЙРЛА

Сүүлийн 10 хоногийн хугацаанд хоёр ч хүүхэд тогонд цохиулж, амь насаа алдлаа. Хүүхэд аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох, тоглох, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн эрхтэй. Гэтэл энэ эрх зөвхөн цаасан дээр байснаас болж зуу зуун хүүхэд энэ хорвоогоос золгүй байдлаар явж, ээж аавдаа харуусал үлдээж байна.
Эмийн сангийн хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж, 10 настай хүү амиа алдсан бол өнгөрсөн пүрэв гаригт дахин нэг хүүхэд эндлээ. Тэр долоохон настай байсан. Шонгийн мод тогтойг, өөрийнх нь аминд халтайг ч ухаарч амжихгүй тийм л гэнэхэн. Харин тэр цахилгааны шонг, тэр утсыг хэн аюулгүй байлгах ёстой вэ. Цахилгаан шугам сүлжээний асар том бүтэц ажиллаж байгаа хэрнээ аюулгүй байдлыг үл хайхардаг учраас хүүхдийн амь насанд халдсаар байгаа нь энэ.
Дээр нь тэр цахилгааныг хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хайхрамжгүй, хэнэггүй байдал ийм эмгэнэлд хүргэж буй. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Тус мэдэгдэлд:
Сүүлийн үед хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, золгүй тохиолдлоор амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол цөөнгүй гарч, иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Эдгээр гэмт хэргийг шалгах явцад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь тогтоогджээ. Иймд хүүхэд хохирч болзошгүй аливаа эрсдэлийг арилгах урьдчилан сэргийлэх чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас шаардаж мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдлийн биелэлт үр дүнг энэ сарын 20-нд тооцох юм гэжээ.
Хуулийн үүргээ биелүүлэхийг шаардсан энэ мэдэгдэл хүн бүрийн чихэнд хүрээсэй. Тэгээд цахилгааны залгуураас эхлээд ил задгай утас, тогны холбоос бүрийг шалгаж, үр хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлж өгөөсэй.
Монгол Улсын хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эцэг хуулийн дархан эрхтэй. Харин энэ эрхээ эдэлж, амьд явмаар байна. Тэр дундаа бяцхан үрсдээ амьд явах баталгаа гаргаж өгье.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ