Наадмын тасалбарт хонож дугаарласан ч, хоосон буцав


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам хүүхдийн сурын харваагаар үндсэндээ өнөөдөр эхэллээ. Жил жилийн баяр наадмын өмнөхөн наадмын тасалбарт дугаарласан хүмүүсийн хэрүүл, маргаан, зодоон, уламжлал гэмээр өнөө жил ч болж л байна...
Үндэснийи их баяр наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбар энэ сарын 7-ноос буюу өнгөрөгч бямба гарагаас Нийслэлийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, ЧГД-т байрлах “Оргил” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулагдаж эхэлжээ.
Наадмын тасалбарын үнэ нэмэгдээгүй 16-24 мянган төгрөгийн үнэтэй хэвээр байв. Мөн өмнөх жилийнх шиг нэг хүнд хоёр л тасалбар олгож байлаа.
Өчигдөр /2018.07.08/ "Дүнжигарав" худалдааны төвд байрлах байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 12.00 цагийн орчимд очиход яг л жилийн өмнөх шиг оочер дайрсан, кассын ажилчид луйвар хийсэн гэх маргаан дугаарлан зогссон олны дунд хөвөрч, баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхийн тулд билет авахаар дугаарлан зогсох иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байв. Тиймээс ч цагдаагийн хамгаалалт гарч, хэв журам сахиулж байлаа.
Тэнд шөнөжин дугаарлаж зогссон ч тасалбар олж авч чадаагүй нэгэн ч байв. Хонон өнжин зогссон хүмүүсийг хүлээлгэн байж 11.00 цагийн орчимд тасалбар түгээгч ирээд ердөө нэг цагийн дотор 200 тасалбар түгээгээд “дууссан” гэх тайлбарыг хэлж, хаалгаа барьсан гэх үгийг учирлаж, дор бүрнээ гайхсан, уурласан хүмүүс тэнд олон байв.

Хонож, оочерлосон хүмүүсээс ердөө 100 хүн л билет авч чадсан бол, билетгүй гэртээ харих болсон бусад хүмүүсийг тохуурхах мэт шагчид сагсайтал билет барьчихсан “Билет аваарай, билет аваарай” хэмээн хажуугаар нь холхиж байх аж. Тэднээс тасалбарын үнийг асуувал “120 мянга” хэмээх нь “Даанч дээ” гэмээр...
XXI зуунд тасалбар авах гэж хонон өнжин дугаарлана, тэгсэн ч хоосон буцна гэдэг үнэхээр утгагүй зүйл. Наадмын тасалбарыг онлайнаар зарчихаж болдоггүй юм уу. Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ