Хүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв

Зам тээврийн ослын улмаас өнгөрөгч онд 55 хүүхэд нас барсан харамсалтай тоо баримт байна. Тэдний 46 нь орон нутгийн замд зорчиж явахдаа амь насаа алджээ.

Энэ онд буюу зөвхөн баяр наадмын өдрүүдэд /7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд/ улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.
Эдгээр хүүхдийн ихэнх нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байсан бөгөөд сэргийлж болох эрсдэлээс үр хүүхдээ хамгаалаагүйн улмаас амь насаа алдсан нь хүлээн зөвшөөрч болохгүй явдал юм. Хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэж, урд суудалд эсвэл өвөр дээрээ суулгалгүй, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцсон бол эрсдэл, эндэгдлээс урьдчилан сэргийлж болох байсан.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн удирдлага дор, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр холбогдох байгууллагууд хамтран “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл” аяныг 6 -10 дугаар сарын хооронд орон даяар зохион байгуулж байна.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчид гол үүрэгтэй тул энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ