Ч.Хүрэлбаатар: 2018 онд төлөх өрийн 70 хувийг төлсөн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаа тодруулга авлаа.

-Яг одоогоор улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай байна. Валютын нөөц нэмэгдэж, гурван тэрбум ам.доллар байна. Улсын төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигтай гарсан. Өнөөдрийг хүртэл 4 орчим их наяд төгрөгийн өрийг төлөөд байна. Хамгийн их буюу 753.3 тэрбум төгрөгийн өрийг өнгөрсөн зургаадугаар сард төлсөн. Энэ нь 2018 онд төлөх өрийн 70 орчим хувийг эхний хагас жилд төлсөн. Энэ бүхэн нь Монгол Улсын эдийн засаг сайжирч, эерэг хандлагууд нэлээд гарч байгааг илтгэж байна.
-Засгийн газрын зээл нэмэгдсэн үү. Шинээр зээл авсан уу?
-УИХ-аас 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг өгсөн. Бид нэг ч төгрөгийн зээл аваагүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ бүх өрийг төлөөд явж байна. 2016 оны төгсгөлд Монгол Улсын өрийн дарамт ДНБ-ий 80 хувьд хүрсэн байна. Энэ оны төгсгөлд 60 хувьд, 2019 онд 50 хувь руу оруулна. Монголчууд бид авсан зээлийнхээ өрөнд 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Цалингийн сан нь 1.7 их наяд байхад 1.4 их наядыг зөвхөн зээлийн хүүд төлдөг. Өрийн дарамт улсын төсвийг идээд эхэлчихсэн. Ийм их хэмжээний мөнгийг авсан зээлд төлдөггүй байсан бол хэд хэдэн зам барих байсан.
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ОУВС-нд дахин дахин хандаж, цалин нэмэх асуудлыг тавьж байгаа. Энэ асуудал хэзээ яригдах вэ?
- Бид ОУВС-тай цаашдаа хамтын ажиллагаа үргэлжлүүлж, цалин нэмэх асуудлаар ярилцана. ОВУС-гийн төлөөлөгчид энэ лхагва гаригт ирж, хөтөлбөрийн ээлжит үнэлэлт дүгнэлтээ хийнэ. Энэ удаагийн яриа хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудал яригдана.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ