Цэцэрлэгт элсэгчдийг сугалаагаар биш, санамсаргүйгээр сонгоно

img

Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдах 146 мянга орчим хүүхэд байгаа аж. Гэвч үүнээс 114 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна. Цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж муугаас цэцэрлэгийн элсэлтийг сугалаа сугалуулж, азтайг нь сонгон элсүүлдэг байсан бол энэ жил элсэлтийг цахимаар явуулж санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг сонгох аж.

 

Цэцэрлэгийн цахим бүртгэл хоёр хоногийн дараа эхэлнэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг бүртгүүлж, баталгаажуулах юм. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах аж. Ингэснээр нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжжээ.

 

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа гол ач холбогдол нь цэцэрлэгийн хүртээмж хангалттай бус байгаатай холбогдуулан олон хүндрэл гардаг байсан. Хэдэн жилийн өмнө эцэг, эхчүүд дугаарлаж зогсоод, эрт ирж, өмнө нь зогссон нь хүүхдээ цэцэрлэгт элсүүлдэг байлаа. Ингэхээр цэцэрлэгийн өмнө 2-3 хоног оочерлох, зарим этгээд нь үүнийг далимдуулж зохиомол дараалал үүсгэж, оочер дугаар мөнгөөр худалдах зэрэг асуудал тулгардаг байсан. Үүнийг шийдэхийн тулд цэцэрлэгийн элсэлтийг сугалаагаар зохион байгууллаа. Гэтэл 200 гаруй хүүхдийн элсэлтийг зохион байгуулахын тулд 200 гаруй эцэг эхийг нэг дор байлцуулж, бүх эцэг эхчүүдэд ил, тод байдлаар зохион байгуулдаг байсан ч хардлага төрдөг байсан. Тэгэхээр энэ байдлыг халахын тулд цахим элсэлтийг зохион байгуулж байна” гэв.

 

Дээрх цахим сайтад 2-5 настай цэцэрлэгийн насны бүх хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байгаа аж. Иймд бүртгүүлэхэд мэдэхгүй, чадахгүй асуудал тулгарахгүй гэдгийг Нийслэлийн боловсролын газрын дарга хэллээ. Харин хүүхдээ бүртгүүлэхээс өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгосон байх шаардлагатайг сануулав. Тухайлбал нэг дүүргээс шилжин өөр дүүрэгт очсон ч хуучин дүүргээсээ хасалтаа хийлгээгүй, шинэ дүүрэгтээ бүртгүүлж амжаагүй бол цахим бүртгэл үүсгэх боломжгүй аж.

 

Цахим бүртгэл 30 хоног явагдаад наймдугаар сарын 24-ны өдрийн 00.00 цагт бүртгэл хаагдана. Наймдугаар сарын 24-ны өдрийн өглөөний 09.00 цагаас нийслэлийн бүх төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийн үйл ажиллагаа нэгэн зэрэг эхэлнэ.

 

Элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар, автоматаар  явуулна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийн хүрээнд дээрх цахим сервер нь хүнээс шалтгаалах хүчин зүйл, оролцоогүйгээр санамсаргүй түүврийн аргаар элсэлтийг автоматаар  зохион байгуулах аж. Уг апплейкшн сервэр үндэсний дата төв дээр байршиж байгаа учир ажиллагаа болон үр дүн нь найдвартай, үнэн зөв гарна гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

 

Эцэг эхчүүд цахим бүртгэлийн хугацаанд хүүхдээ бүртгүүлчихээд хүүхэд маань цэцэрлэгт орсон гэж ойлгож болохгүй. Цахим бүртгэлээс хойш цахим элсэлт явуулж, эцэг эхчүүдийн серверт бүртгүүлсэн гар утасны дугаараар хүүхэд нь цэцэрлэгт тэнцсэн эсэх үр дүнг мэдээлнэ. Мөн  https://tsetserleg.ulaanbaatar.mn сайтад цахим элсэлтийн үр дүнг нийтлэх юм байна.

 

Цахим бүртгэл болон элсэлтэд:

 

Тусгай цэцэрлэг

Сувиллын цэцэрлэг

24 цагийн цэцэрлэг

Байгууллагын дэргэдэх цэцэрлэг

Төрийн өмчийн цэцэрлэгт элсэн суралцах зорилтот бүлгийн хүүхдүүд хамаарахгүй аж. Тэд уламжлалт аргаар бичиг баримтаа бүрдүүлж, харъяа цэцэрлэгт хандах юм байна.

 

Мөн өмнө нь цэцэрлэгт сурч, хүмүүжиж байсан хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулахдаа уг сайтад нэвтэрч баталгаажуулах аж. 2-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар явуулах бөгөөд 2 настай хүүхдүүдийг бүгдийг нь бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүдийн хувьд бүртгэлээ цахимаар баталгаажуулахаас гадна цэцэрлэгээс ирүүлсэн хяналтын тоогоор сул орон тоо гарсан тохиолдолд хүүхэд шинээр нэмж авах боломж бүрдэнэ. Үүнийг цахим хаяганд нэвтэрч шалгах боломжтой.

 

Цэцэрлэгийн хүртээмж 2019 онд  85 хувьд хүрнэ

 

 

2016-2017 оны хичээлийн жилд буюу хоёр жилийн өмнө нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 69 хувьтай байсан. Өнгөрөгч жил 72 хувьд хүрсэн бол өнөө жилийн байдлаар 77.6 хувьд хүрчээ. Тэгэхээр хоёр жилийн өмнө Нийслэлийн 100 хүүхэд тутмын 69 нь цэцэрлэгт хамрагддаг байсан бол өнөөдөр 78 нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон байна.

 

Харин 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд 52 цэцэрлэг, 34 сургууль, 3 бага сургууль, 5 спорт заал баригдах хөрөнгө, төсөв батлагдсан байна. Эдгээр төслүүд нь 2018-2019 онд дамжин хэрэгжих аж. Тендер шалгаруулалт 70 хувьтай явж байгаа бөгөөд ихэнхи нь 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна. Ингэснээр ирэх жил цэцэрлэгийн хамран сургалт харьцангуй өндөр хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал өнөө жил цэцэрлэгийн хамрагдалт 77.6 хувьтай байгаа бол 2019 онд цэцэрлэгийн хүртээмж 85 хувьд хүрэх төлөвтэй байгааг Нийслэлийн боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэллээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ нэг мэдрэл муутай хүний үйл ажиллагаагаа болиоч дээ юун ядарчихсан арга хэрэглэдэг юм бэ дээ хэдэн хүүхдийн цэцэрлэгийн асуудал шийдэж чадахгүй бол үхсэнээ хийж суудал бөглөж суудагийн ингэж өлбийж костюмний гол болж суухаар энэ төрийн албанаас зайлаач
2018-07-24
huurhii:
zarchmiin yalgaa yuu baina, teneg mini!!!
2018-07-23
3 garuihan saya hun aminhaa 140-hon myangan huuhdiig tsetserlegeer hangaj chadahgui archaagui unhiagui zuvhun uursduu hanaj tsadahaa medehgui idej uudag tor zasagtai uls....
2018-07-23
долдугаар сарын 25-аас эхлэнэ гэж бичээ
2018-07-23