Бороонд урссан БУДАГ

Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байв. Гэтэл өчигдөр /2018.07.26/ орсон борооны улмаас шинэчлэн будсан өнгө хууларч, борооны усанд урсаж, дахин шүүмжлэлд өртлөө.
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг шатрын хөлөг мэт эрээнээр будаж, будгийн ажил дуусах шатандаа ороод байсан. Гэвч таван хоног зам хааж хийсэн энэ "том" бүтээн байгуулалт ганц шөнийн бороонд урсаж, уг ажлын чанарыг шалгалаа.
Шатрын хөлөг шиг эрээнээр будах болсон шалтгаан, энэ ажилд хичнээн төгрөг зарцуулсан талаар мэдээлэл өгөх хүн олдохгүй байсан. Тэгвэл хичнээн төгрөгийн хөрөнгө, хэрхэн бороонд урссан учир шалтгааныг ажил гүйцэтгэсэн нөхдүүд болоод албаныхан тайлбарлах нь зүйтэй. Энэ ажлыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Д.Батсүх захиалан хийлгэсэн гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Б.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ