“60 тэрбум”-д нэр холбогдсон хүмүүст шаардлага хүргүүлсэн

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар төрийн өндөр албан тушаалтны сахилга хариуцлагын тухай болон намын хяналтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Найман сарын өмнө МАН-ын 28-р их хурал хуралдсан. Энэ хурлаар манай нам, гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулахаар Ёс зүйн хороог байгуулсан юм. Хяналтын ерөнхий хороо 21 аймаг есөн дүүргийн намын хяналтын хорооны гишүүдийн сургалт семинарыг зохион байгуулж дууссан. Нийтдээ 250 гаруй хяналтын хорооны гишүүд оролцсон юм. Хяналтын хорооны гишүүдээр дамжуулж намын гишүүдээс хэд хэдэн асуудлаар санал, шүүмжлэл ирсэн.
Тухайлбал намын боловсон хүчний бодлого алдагдаж, тохиолдлын шинжтэй хүмүүс, албан тушаалд томилогдсоноос намын нэр хүндэд сэв суулгаж байгаа тул намын боловсон хүчний асуудалд онцгой анхаарахыг хүссэн. Мөн 60 тэрбумын гэх үнэн худал нь мэдэгдэхгүй асуудалд намын гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж, асуудлыг шийдэх хүсэлт тавьсан. Түүнчлэн оффшор данстай хүмүүсийн дунд манай намын гишүүд нэр холбогдсон байвал хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох зэрэг нийтлэг үндэслэлээр санал, шүүмжлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын хяналтын хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо. Тухайлбал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай намын гишүүдийн нэр, хаягтай асуудал яригдах болсон. Тиймээс гишүүдийн нэр хүнд, эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхи санаачлагатай ажиллана. Намын нэр хүндэд сэв суулгаж байгаа, хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг алдаж байгаа намын гишүүдтэй хариуцлага хатуу тооцож ажиллах болно” гэв.
МАН-ын “60 тэрбум”-ын асуудалд хяналтын хороо хэрхэн анхаарал хандуулж байгаа тухайд “Нэр холбогдсон хүмүүст өөрийн байр сууриа илэрхийлж, нийт ард түмэнд үнэн худлыг ил тод мэдээлэх шаардлагыг хүргүүлсэн” гэлээ.
Ирэх пүрэв гарагт МАН-ын хяналтын ерөнхий хорооны ээлжит хурал болно. Энэ хурлаар сахилга хариуцлага, намын удирдлагуудад тавих шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ