Б.Дашдорж: Галзуурсан байж болзошгүй адуу хүүг маань хазаж, гэмтээсэн

Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр, Туул тосгонд зургаан настай хүүхдийг, адуу хазаж, гэмтээжээ. Хүүгийн гэр бүлийнхэн уг адууг “галзуурсан” байсан гэдгийг хэлж байлаа. Адуунд хазуулсан хүүгийн өвөө Б.Дашдоржоос болсон явдлыг тодрууллаа.

-Адуу хүүхэд хазаж, гэмтээсэн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 28-ны өдөр хар хээр зүсмийн адуу хар хурдаараа давхиж ирээд манай гэрийн урдхан талд байдаг ногоон талбайд бэлчиж явсан үхэр рүү дайрч, хазсан. Цааш давхиад аргамжаатай байсан морь руу дайрахад нь манай нохой өмнөөс нь дайрч, хөөгөөд явсан. Гэтэл нохойныхоо хойноос зургаан настай ач маань сонирхоод дагаад гүйтэл өнөөх морь буцаж, эргэж давхиж ирээд хүүг маань өшиглөөд, хазчихсан. Хажууханд нь хашаагаа янзалж зогссон хөрш маань харж, сүх барьж очиж ач хүүг маань аварсан.
-Одоо хүүхдийн биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Хазуулсан даруйд нь эмнэлэгт очиж, оёдол тавиулсан. Галзуугийн эсрэг тариа хийлгэсэн. Өчигдөр очиж найман удаа сорил хийлгэсэн. Эмнэлэгт хэвтээгүй. Гэвч шөнөдөө 36-37 хэм хүртэл халуурч, толгой нь дүүрч өвдөөд байгаа.
-Мэргэжлийн байгууллагаас адууг галзуурсан болохыг тогтоосон уу?
-Нийслэлийн мал эмнэлгийн газраас хүн ирээгүй. Хорооны малын эмчид адууг хороогоод галзуурсан эсэхийг нь маш яаралтай тогтоохыг хүссэн боловч дээд газрын шийдвэр гарч байж, хорооно гээд ер хөдлөхгүй байсан. Уг нь Зайсанд 3 цагийн дотор шинжилгээний хариу нь гардаг лаборатори байдаг. Шинжилгээний хөлс нь 150 мянган төгрөг юм билээ. Бид өөрсдөө энэ мөнгийг төлөөд шинжлүүлье гэсэн ч зөвшөөрөөгүй.
-Тэгэхээр хүүхэд хазсан адуу одоо амьд байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ. Барьж аваад шонгийн модноос хоёр хоног уясан. Аргагүйн эрхэнд, харангадаад өчигдөр /2018.07.30/ үхсэн. Үхсэнийх нь дараа хоёр хүн ирчихсэн өшиглөөд зогсож байна гэсэн. Малын эмч 09.00 цагт үхсэн гээд, 13.00 цагт нүхэнд аваачиж булна гээд явсан байна лээ.
-Адууны эзнийг олсон уу?
-Олоогүй. Малын тооллого гэж жил бүр л явагдаж, бүртгэл явагддаг. Өнөө бүртгэл нь гэж Доржсүрэн 1 адуутай, Пагма 2 адуу гэх мэт утгагүй, учиргүй юм байна лээ. Тэр адуу баруун талын хаан дээрээ болон, гуян дээрээ нийт гурван ч тамгатай юм билээ. Манай эндхийн нэг малчин хүү “Олон тамгатайгаас үзвэл их л олон эзэн дамжсан адуу байна” гэсэн. Их урт дэлтэй болохоор нь бид анханда азарга гэж андуурсан. Гэтэл гүү байна лээ.
-Танд гомдол, санал юу байна вэ?
-Гомдолтой байлгүй яахав. Хүүхэд хазуулчихаад байхад мал эмнэлгийн газрынхан даруйхан адууг устгалд оруулж, яаралтай шинжилгээ хийх зэрэг арга хэмжээ авах байтал хойрго хандсан. Одоо бид шүүх эмнэлэг орно.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ