Г.Занданшатар: Туркийн ЭСЯ ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар бүх аймгийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр үүрэг чиглэсэн өгч, ажлын явцтай танилцлаа. Баян-Өлгий аймагт үерийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Тавантолгой болон дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байна. Тухайлбал, Шивээ хүрэн-Сэхээгийн хилийн боомтын барилгын ажлыг 2019 онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа.
Засгийн газраас өнөөдрөөс бүх яам, агентлагийн ажлыг жигдэрдсэн байх үүргийг өглөө. Зарим нутгаар бороо хуртай байгаа ч, заримд нь гантай байгаа. Тиймээс маргаашаас яам, агентлагуудын ажлыг шалгана. Энэ хүрээнд ЗГХЭГ-аас Төрийн албаны ёс зүй, сахилга батын тухай хөтөлбөрийг боловсруулж дуусч байна. Төрийн албыг ёсзүйтэй, хариуцлагатай болгох чиглэлээр төсөлд тусгасан гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Өмнийн говьд ДЦС байгуулах асуудал ямар шатанд явж байна вэ?
-Өмнийн говийн эрчим хүчний хангамжийн төслийн хүрээнд “Оюутолгой” компанийг цахилгааны хангамжаа дотоодоос авах гэрээ хэлэлцээрийн ажил явагдаж байна. Тавантолгойн уурхайд түшиглэсэн ДЦС байгуулах төсөл бол боловсруулагдсан. Энэ хүрээнд Солонгосын эрчим хүчний компани хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Харин “Оюутолгой” компани уурхай дээрээ байгуулах саналыг тавиад байгаа.
-Туркийн иргэнтэй холбоотой асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?
-Туркийн иргэнтэй холбоотой асуудлаар Засгийн газар Туркийн ЭСЯ-нд нот бичиг илгээсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн байж болзошгүй асуудалд эсэргүүцлээ илэрхийлж, тайлбар нэхсэн. Туркийн ЭСЯ ийм үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлаар прокурор хэрэг нээж, цагдаа, тагнуул мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсад байгаа турк иргэдийн эрх ашгийг хохироогүйгээр хамгаалалтад авсан, үүргээ гүйцэтгэсэн. Манай тусгай албад ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэгдэж байна.
-Багануурын ДЦС-ын талаар Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу?
-Багануурын ДЦС-ын асуудлыг хэлэлцсэн. Нэг талаас Багануурын ДЦС-ын хүчин чадал хэт өндөр, манай станцуудын үйл ажиллагаанд доголдол учруулахуйц. Нөгөө талаас энэ гэрээг дангаар нь цуцалбал Засгийн газар төлбөр төлөхөөр тусгасан юм билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ